Home > Нийтлэл, Эдийн засаг > Феодалын эдийн засаг Монголыг юунд хүргэх вэ?

Феодалын эдийн засаг Монголыг юунд хүргэх вэ?

Асуудал: Феодалын эдийн засаг бидэнд юу өгөв

Аливаа үндэстний эдийн засаг мэдлэг боловсрол, морал дээр тогтох ёстой. Харин Феодалын эдийн засаг юун дээр тогтож байв та асуугаад үзээч. Ерөнхийдөө феодалын эдийн засаг ноёдуудын ашиг сонирхол дээр тогтсон байдаг. Тэд эдийн засгийн бүх харилцааг зохицуулж, бүхнийг өмчилдөг. Зөвхөн МАА (мал аж ахуй) гэсэн ганцхан тулгууртай эдийн засгийн тогтолцоотой тухайн үеийн Монголын ноёдууд олсон орлогоо Монголын төрд биш Манжийн хаанд тушаана. Монголын бүхий л орлого ДНБ гадны улс руу урсана гэсэн үг. Монголын баялгийг, ард түмний хөдөлмөрийг зүгээр л сороод байна. Өөрсдөө ноён болж ард түмнийг шулж боолчлох нь феодалын эдийн засгийн хэв шинж.

Феодалын нийгмийн хамгийн нэгдүгээр шинж төрх бол газар ард түмний өмч биш харин газрын эздийн өмч байдаг. Энэ тодорхойлолт өнөөгийн Монголын нөхцөл байдалд яг таарсан болов уу. Монголчууд газрынхаа эзэн биш болжээ. Тэр ч бүү хэл Монголын ихэнхи газрын эзэд гадаадын иргэд. Газрын эздийг феодал гэж нэрлэдэг. Феодалын нийгмийн хоёрдугаар шинж бол цөөн хүмүүс улстөрийн шийдлүүдийг гаргадаг. Тиймээс төр улс тэр чигээрээ зөвхөн энэ цөөн хүмүүсийн мэдэлд ордог.

 

Феодалын эдийн засагт ямар ч шинэчлэл, хөгжил гэж байдаггүй, зөвхөн л эрхэлж буй аж ахуйгаа, ажил хөдөлмөрөө амиа зогоох зорилгоор л ашигладаг. Феодалын эдийн засаг ерөнхийдөө технологи, мэдлэг болон нэмүү өртөг шингэхгүйгээр түүхий эд дээр түшиглэдэг ба ингэснээрээ эдийн засгийн хоцрогдлийг бий болгодог. Нэгэнт эдийн засгийн өсөлт байхгүй учраас нийгмийн асуудлуудаа шийдэж чадахгүй гэсэн үг. Нийгмийн асуудлууд болох ядуурал, ажилгүйдэл зэрэг нь феодалын нийгэмд жирийн байдаг л зүйл мэт харагддаг. Хэн ч таныг ажилтай болгох гэж хичээхгүй, санаагаа зовоохгүй та ядуу байлаа гээд таны төлөө ядуурлыг бууруулах арга хэмжээг авахгүй. Та газар өмчлөх эрхгүй, малтай, өмчтэй ч болж чадахгүй хэн нэгний хамжлагат явсаар нэг насыг барна. Таны хүүхэд ч таны ядуу амьдралыг давтана, түүнд ирээдүй байхгүй.

Феодал ноёдуудад эх оронч сэтгэл, эх оронч хүмүүжил гэж байхгүй зөвхөн амин хувийн ашиг сонирхол л гэж бий. Алт мөнгөн зоосноос эх орон, элэг нэгтнүүдээ худалдахад хэзээд бэлхэн. Феодалын аалзны тор шиг хэрсэн систем нийгмийн бүхий л давхаргыг заль мэх, худал хуурмаг, шунал хүслээрээ замбараагүйтүүлдэг. Феодалын эдийн засгийн тогтолцоонд ямар ч мэдлэг боловсрол шингэхгүйгээр барахгүй таны хөдөлмөрийг хэн ч үнэлэхгүй, зүгээр л бусдын олз болоод дуусна. Феодалын үеийн банк санхүүгийн болон татварын бодлого нь зөвхөн л ард түмнийг мөлжих хоосруулах зорилготой байдаг.

Феодалист нийгэм эдийн засгийн үнэтүүд нь:

  • Зэрэг дэв
  • Мөнгө
  • Гавъяа шагнал
  • Найр наадам

Зэрэг дэв: Феодалын нийгмийн үнэт нь албан тушаал. Нийгэм тэр аяараа албан тушаалын хэнээтэй мэдлэггүй зальдагч нараар дүүрнэ гэсэн үг. Ноёд, тайж болох гэсэн хүмүүс эрх мэдэлтнүүдэд долигнож, бусдыгаа хорлож, хуурч байгаад зэрэг дэв дээшилхийг л бодно. Нэгэнт ноён, тайж болсон хүн одоо эх орноо худалдах, бусдыг залилах, төрийг дампууруулах ажилдаа орно.

Мөнгө: Феодалууд өөрсдийн эрх мэдлээрээ, бузар булхай үйлдлүүдээрээ болж л өгвөл бусдын мөнгийг хуу хамхыг оролдоно. Учир нь тэд мөнгөөр өөрсдийн булхай үйлдлүүдээ дарна. Мөнгөөр өөрт хэрэгтэй байгаа албан тушаалыг худалдаж авна. Мөн феодалын үед мөнгө хүүлэх газрууд олноор нээгдэж тэр нь ард түмэнд хэдэн зуун хувийн хүүтэй зээл тарааж, төлбөрийн чадваргүй ард түмний гэр орон, мал хуйг юу ч үгүй хамж байсан түүх бий. Өнөөгийн банкны зээлийн хүү бас л хэт өндөр яг л феодалын үеийнх шиг.

Гавъяа шагнал: Гавъяа шагналыг хайр гамгүй одооныхоор баруун солгоогүй тарааж уурласан, хилэгнэсэн ард түмнийг зөөлрүүлэх молигдох аргаа амжилттай хэрэгжүүлнэ. Эх орончдыг, эгэл ардуудыг, төрийн зүтгэлтнүүдийг гээд бүх Монголчуудыг Феодалууд одон медалаар шагнаж сул дорой, төмөрний үнэтэй болгоно. Нэгэнт гавъяа шагнал авсан хүн төрдөө хайртай бас баярлана. Амьдрал хичнээн хэцүү байсан ч ганц төмөр хараад бүхнээ зориулахад бэлэн. Яг өнөөдөр алтангадас, гавъяатын тэмдэг тарааж байгаа шиг.

Найр наадам: Найр наадам, тэмдэглэлт баярууд ёстой борооны дараах мөөг шиг олширно. Энэ бол Феодалуудын өөрсдийгөө хамгаалах, өөрсдийн гэмт үйлдлээ далдлах шалгарсан арга. Ард түмнийг архидуулж, барилдуулж, уралдуулж, харвуулж, овоо тахиулж хөөргөнө, баясгана. Ерөөсөө феодалууд найр наадам тэмдэглэлт баярыг олшруулж ард түмнийг баярлуулан луйвардана.

 

Феодалын нийгэм, эдийн засгаас үүсэх хоцрогдлууд

 

  1. Мэдлэгийн хоцрогдол
  2. Эдийн засгийн хоцрогдол
  3. Технологийн хоцрогдол
  4. Нийгмийн хоцрогдол
  5. Ёс суртахууны хоцрогдол
  6. Гоо зүйн хоцрогдол

 

Энэ хоцрогдлууд нь Феодалын нийгмээс уршигтай. Нэгэнт гарсан хоцрогдлууд нь улс эх орны хөгжлийг хойш татна, ирээдүйг боож хаана. Ерөнхийдөө Феодалын нийгэм ийм л байсан. Феодалын нийгмийн үед Монголын хүн ам мэдлэг боловсрол, эрүүл мэнд, ёс суртахууны хувьд асар дорой болсон ба Монголын хүн ам дэлхийн хөгжилөөс хэдэн зуун жилээр хоцрох эхлэл тавагдсан юм.

Харин өнөөдөр бид ямар нийгэмд ямар эдийн засгийн тогтолцоонд амьдраад байна гэдгийг сонирхъё. Товчхондоо Феодалын нийгэм, эдийн засгийн дүр төрх өнөөгийн нийгмээс их харагддаг.

 

Шийдэл: Феодалжсан өнөө үе

Өнөөдөр бид Феодализмаас салж чадсан уу? Эсвэл…

 

Монголд эрх мэдэлтнүүд гэсэн нэрэн дор яг л феодалын үеийнх шиг эдийн засгийн нөхцөл байдал үүсчээ. Эрх мэдэлтнүүд нэртэй луйварчдын бүхнийг үнэгүйдүүлсэн, замбараагүй хувьчилсан чөлөөт зах зээлийн эдийн засаг (free market economy) нэртэй луйврын эдийн засгийн бодлого мэдлэг боловсрол дээр биш хувийн ашиг сонирхол дээр л тулгуурладаг учраас улс орныг хэтэрхий сул эдийн засагтай болгодог.

Монголчууд бид өнөөдөр дээд боловсролтой худалдагч, дипломтой цагаач, бэлчээргүй малчин, бэртэгчин улс төрчдөөр  дүүрчээ. Ардчилал гудамжныхан, орон гэргүйчүүд, траншейныхан, өвгөнтийн хөндийнхэн, гооночид, ядуучууд, гэр хорооллынхон гэх мэт нэр томъёог 20 жилийн хугацаанд бидэнд өгсөн. Социализмийн үед бий болоод байсан сэхээтний, хөдөлмөрчний, ажилчны давхарга тэр чигээрээ байхгүй болжээ. Холыг харсан хот төлөвлөлт, цэвэр агаартай нийслэл хот, цэнгэг устай хүрээлэн буй орчин өнөөдөр юу болсныг та мэдэж байгаа. Худал ардчилал биднээс бүхнийг булаан авсан. Энэ их замбараагүйтлийг далимдуулан улс орны өнгөтэй өөдтэй бүхнийг өөрсдийн хувийн, гэр бүлийн хэрэгцээндээ олигархи нэртэй орчин цагийн феодалууд булаан авчээ.

Ард иргэдийн төлж буй татвар, хураамж, даатгал зэрэг нь хэн нэг эрхмийн халаасанд орж үнэтэй хаус, машин, виски болон хувирна. Олигархи нэртэй феодалуудын хамгийн сайн хийж чаддаг зүйл нь авлига авах бусдыг луйвардах.  Уг нь эдийн засгийн тогтолцоо гэдэг бусдын зовлон дээр жаргах биш бусдад ч өөртөө ч хүндэтгэлтэй хандах юм. Өнөөгийн Монголын эрх мэдэлтнүүдийн эдийн засаг дотроо авлигачид болон гадаадынхны гар хөл бологчид гэсэн хоёр төрхтэй. Авлига авагчид хэзээд ард түмний эрх ашгийг, үндэстний баялгийг хувьдаа завшсаар ирсэн. Зүгээр л сууж байгаад бусдаар бүх зүйлээ бэлдүүлчихээд хуу хамаад авхаа авлигачид хамгийн дээдээр мэднэ. Авлигачидад ард түмэн, балчир үрс, боловсрол мэдлэг гэх мэт даанч хамаагүйгээр барахгүй зөвхөн би гэсэн л хүсэлтэй.

Улс эх орныхоо баялгийг гадныхантай нийлж худалдчихаад олсон мөнгөө гадны банкинд хадгалуулчихна. Ёс суртахуунгүй, дураараа авирлагч төр засаг ард түмнийхээ эд хөрөнгө, баялаг, хөдөлмөрийг бодлогын хүү нэрийн дор, инфляцаар хулгайлан авдагийг Нобелийн шагналт эдийн засагч Ф.Хайкийн багш Ludwig Von Mises-ийн туурвисан “Инфляци бол цэвэр луйвар” (INFLATION IS THEFT) номонд маш ойлгомжтойгоор харуулсан байдаг. Монгол банк инфляци өндөр байгаа учраас бодлогын хүүгээ нэмэх хэрэгтэй хэмээн мэдээлдэг. Бодлогын хүү өндөр байснаараа инфляци буурдаг механизм бол зүгээр л өнгөлөн далдлалт. Инфляци бол товчхондоо зүгээр л хулгай дээрэмтэй адил. Харин ард түмэн үүнийг сайн мэддэгүй нь инфляцид шулуулах хөнгөхөн зууш болоход хүргэдэг. Таны цалинг, таны хөдөлмөрийг, таны хоногийн хоолыг инфляци хэмээх тороор булаан авч байна шүү дээ.  Монголын төр дэндүү ёс суртахуунгүй авирлаж ард түмнээ 20 жил яс арьс болтол нь шуллаа. Инфляци гэсэн үгээр өөрсдийн алдаагаа хаацайлах гэж оролдох ба чөлөөт зах зээлийн эдийн засаг учраас төр оролцож болохгүй гэж худал хэлэн олигархууд өөрсдийн хувийн бизнесээрээ ард түмнийг шулна. Дэлхийн өндөр хөгжилтэй бүхий л улс орнууд төрийн зохицуулалттай хамтын зах зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэн амжилтанд хүрсэн байхад Монголчууд бид өнөөг хүртэл дураарааан авирлагчдыг дэмжсэн чөлөөт зах зээлийн эдийн засгийн бодлогыг баримталж байгаа нь харамсалтай.

Монгол хүнийг банкны хүүгийн боолчлолд оруулж галзуурмаар өндөр хүүтэй зээл нэртэй луйвраар ард түмний баялгийг, хөдөлмөрийг юу ч үгүй ховх сороод гадны банкинд түүнийгээ тушаачихна. Монгол улсад эдийн засгийн өсөлт байгаад байдаг харин ард түмний амьдрал сайжирдаггүйн учир нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийн үр шимийг гадны хөрөнгө оруулагчид, луйварчид өөрсдийн улс оронлуугаа зөөж авчихаад байгаа юм. Монгол улс 100 доллар оллоо гэж бодоход 90 доллар нь таны үр хүүхдийн ирээдүй, Монгол улсын хөгжил, цалин тэтгэвэрт биш гадны орны хөгжилд зарцуулагдана гэсэн үг. Эдийн засгийн ямар ч хөгжил гарлаа гэсэн тэр хөгжил нь гадагшаа урсаад байдаг. Монгол улс өөрсдийн валютын нөөцөө, мөнгөн хөрөнгөө бүтээн байгуулалт хөгжил, боловсролд зориулалгүйгээр гадны банкинд жилийн 1%-ийн хүүтэй хадгалуулж байгаа нь эдийн засгийн ямар ч мэдлэггүй, эх оронч сэтгэлгүй феодалистуудын дэндүү мунхаг бодлогын гай юм. Өөрсдийн мөнгөө гадны банкинд 1%-ийн хүүтэйгээр хадгалуулчихаад, өөрсдөө дотооддоо жилийн 24%-ийн хүүтэй зээл авна гэдэг танд ямар санагдаж байна. Энэ мэт санхүү, эдийн засгийн луйврууд нь эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд биш эрх мэдэлтний халаасанд, харийнхны хэтэвчинд хийж өгч байна.  Гадаадын гар хөл бологч феодалуудын тусламжтайгаар гадны сургууль, цэцэрлэг, барилга, гудамж, сүм хийд, эмнэлэг баригдаж, Монголчуудыг эдийн засгаас шахаж байна. Эх нутаг дээрээ гадуурхагдсан Монголчууд минь ээ.

 

Феодалууд өөрсдийн хийсэн хулгай дээрэм, заль мэх, луйвраа далдалхын тулд одон медал тарааж, баяр наадам хийдэг феодалын нийгмийн технологийг өнөөгийн Монголын эрх баригчид чадамгай хэрэглэж байна. Монгол үндэстний, Монгол хүний  эсрэг аливаа гэмт үйлдлээ хийхдээ баяр наадмыг тааруулж эсвэл одон медалаар шагнаж байгаад л хийчихнэ. Энэ жилийн олон ой давхацсан баяр наадмаар тараасан одон медалийн тоо хэдэн зуун мянгаар хэмжигдэж байна. Яг л 300 жилийн өмнөх хар дарсан зүүд шиг феодализм өнөөдөр хуурамч ардчиллын баг зүүн олигархи нэртэй феодалистуудын дүрээр биеллээ олжээ. Одоо ямар эдийн засгийн тогтолцоо Монголын хөгжлийн гарц вэ? Гэдгийг сонирхоё

 

Ирээдүй: Чөлөөт биш хамтын эдийн засаг

Чөлөөт зах зээлийн эдийн засаг улс орныг хөгжүүлж чадахгүй учраас Монголчууд бид хамтын зах зээлийн эдийн засгийг (social market economy) сонгох хэрэгтэй. Хамтын зах зээлийн эдийн засаг нь дэлхийн 2-р дайны дараа баруун Германд маш амжилттай хэрэгжсэн юм. Германчууд хамтын зах зээлийн эдийн засгийг нэвтрүүлж, хөгжүүлж чадсанаараа 10-хан жилийн дотор буюу 1945-1955 оны хооронд дайнд сүйдсэн орноос Европын №1 эдийн засагтай орон болон хөгжиж чадсан. Харин эсрэгээрээ Монголчууд бид чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд 22 жил болж байхад эдийн засгийн ямар ч өсөлт гараагүйгээр байрахгүй асар их алдсан билээ. Тиймээс Монголын хөгжлийн гарц хамтын зах зээлийн эдийн засаг гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй.

Хамтын зах зээлийн эдийн засаг хувийн сонирхол болон төрийн зохицуулалтыг хослуулдаг ба шударга өрсөлдөөнийг шаарддаг, эдийн засгийн өсөлт, бага инфляци, ажил эрхлэлтийн тэнцвэрт түвшин, ажлын байрны хангамж, нийгмийн үйлчилгээ зэргийг хангаж өгдөг. Гэхдээ бүхнийг хувийн хэвшилд даатгадаггүй, учир нь төр эдийн засгийг тодорхой хэмжээгээр зохицуулж байхгүй бол стратегийн ач холбогдолтой, хүн амын үндсэн хэрэгцээнүүдийг хянахгүй бол ард иргэдийн амьдрал хувийн компанитай хэдхэн нөхдүүдийн дур зоргийн золиос болдог.

Хамтын зах зээлийн эдийн засаг нэг компани, нэг нэгжид биш үндэстний корпорацуудын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Учир нь жижиг дунд үйлдвэр, хэт жижиг компаниуд нь улс үндэстний эдийн засгийг хөгжүүлдэггүй, харин үндэстний томоохон корпорациуд нь ажлын байр, эдийн засгийн өсөлт зэргийг улс орны хэмжээнд хангаж өгдөг. Хамтын зах зээлийн эдийн засгийг амжилттай хэрэгжүүлж буй дэлхийн улс орнууд Солонгос (Samsung, Hyundai, Kia), Герман (Siemens, Bosch, Mercedes-Benz) гэсэн үндэстэн дамнасан корпорацуудыг бий болгож, түүндээ үндэслэн улс орныхоо эдийн засгаа хөгжүүлэж байна. Дэлхийн зах зээл дээр өөрсдийн орны эзлэх хувийг нэмж, өрсөлдөх чадварыг сайжруулахыг эдгээр орнууд зорьж байна. Тиймээс Монголчууд бид өөрсдийн үндэстний корпорацуудаа дэлхийн зах зээлд бэлдэж гаргах нь хөжглийн бас нэг гарц юм.

Тэгвэл Монголчууд бид юуны өмнө Монгол улсын эдийн засгийг дэлхийн эдийн засагтай интеграцлах замаар ҮНБ-ийг нэмэгдүүлэх дэлхийн зах зээлд Монголын эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилготой сан байгуулах. Мөн Монголын засгийн газрын хөрөнгө оруулалтыг үндэстний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулах мөн дэлхийн эдийн засагтай интеграци хийх замаар ДНБ-г өсгөх зорилготой сан байгуулах хэрэгтэй байна. Эдгээр хөрөнгө оруулалтын сангууд нь ҮНБ болон ДНБ-г өсгөж тэр өсөлтөөс олсон орлого, хөрөнгийг Монгол улсын одоо болон ирээдүйн хөгжилд зориулах хэрэгтэй.

Тухайн улс орны эдийн засгийн өсөлтөөс, аж үйлдвэрээс олсон аливаа орлого нь нэг талдаа өнөөгийн нөгөө талдаа ирээдүйн хөрөнгө оруулалтанд зарцуулагдах ёстой. Иргэдийн амьдрах орон сууц, хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол мэдлэг, аж үйлдвэр зэрэгт хөрөнгө оруулалт хийхийн хажуугаар улс орны ирээдүй болсон залуу үеийн боловсрол, эх орны үргэлжлэл болох хүүхдийг тээж буй эхийн тэтгэмж, судалгаа шинжилгээний ажилд тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулах ёстой. Авсан болгоноо үрээд байхын оронд илүү сайн амьдралын төлөө зарцуулах хэрэгтэй. Хамтын зах зээлийн эдийн засагт шилжихийн тулд мэдлэгтэй боловсон хүчнүүдийг юуны өмнө бэлдэх хэрэгтэй. Мөн энэ чиглэлд хөрөнгө оруулалт, санхүүжилтүүдийг хийх ёстой юм.  Капитализмын амин сүнс бол инноваци ба инноваци нь шинэ мэдлэгийн үндсэн дээр бий болдог.

Нэгэнт 21-р зууныг хүн төрөлхтөн мэдлэгийн зуун болно хэмээн үзэж, мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн нийгмийг бүтээх их ажилдаа ороод байна. Мэдлэгийн эдийн засаг нь маш өндөр мэдлэг, боловсролыг шаарддаг бөгөөд Монгол улс мэдлэгийн эдийн засагт шилжихийн тулд одооноос боловсон хүчний бодлогодоо анхаарах хэрэгтэй.  21-р зууны мэргэжилүүд бол нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи, сансарын аж үйлдвэр юм. Тиймээс 21-р зуунд энэ чиглэлд амжилт гаргасан улс үндэстэн л эдийн засгийн хувьд хөгжилд хүрнэ гэсэн үг. Монгол орны бүс нутгийн онцлогуудыг нь харгалзсаны үндсэн дээр эдийн засгийн, хөгжлийн бүсүүдэд хуваан биеэ даасан аж үйлдвэрийн паркуудыг бий болгох нь заавал хийгдэх ёстой ажил юм.

Д.Санчир

  1. 지나♥태연
    January 27, 2012 at 6:43 am

    goy blog bn shuu amjilt

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: