Home > Нийтлэл > Монголын №1 экспортын бүтээгдэхүүн юу вэ?

Монголын №1 экспортын бүтээгдэхүүн юу вэ?

September 23, 2011 Leave a comment Go to comments

Ганц л баялаг бий. Тэр бол хүн

Баялгийг бид юу гэж ойлгодог вэ? Монгол хүн, Монголын төр юуг баялаг гэж ойлгодог бол. Монголын баялаг юу вэ гэж Монгол хүн  таниас асуумаар байна.

 Өнөөдөр Монгол хүний тэнгэрлэг, үнэ цэнэ, халдашгүй дархан байдал  хаана байна вэ? гэж асуумаар байна. Монголын төр Монгол хүнийг хэрхэн үнэлж байгааг мэдмээр байна. Малаа төрийн хамгаалалтанд аваад хүнээ хөсөр орхидог үндсэн хууль Монголоос өөр ямар оронд байгааг тодруулмаар байна.

Монголын төр хамгийн үнэтэй баялаг гэж үнэлдэг Оюу толгой, тавантолгой, бороо гоулд зэрэг стратегийн ач холбогдолтой ордуудаа гадны орнууд руу  зөөгөөд дууслаа. Тогтвортой байдлын гэрээ гэсэн хууль бус гэрээгээр Монголын байгалийн баялаг шавхагдах цаг удахгүй.

Түүхий эдэд суурилсан түүхий эдийн засагтай түүнийгээ дагасан хувийн түүхий сонирхолуудаар дүүрсэн  Монгол улс одоог хүртэл үндэстний баялаг аа тодорхойлж чадаагүй л байна. Тухайн улс үндэстэн өөрийн баялагаа алдаад дуусхаар мөхдөг жамтай. Үүнийг Африкийн олон орны жишээнээс харж болно.  Монголын баялаг Оюу толгой биш ээ Таван толгой ч биш та нар шүү дээ тэнгэрлэг Монголын иргэдээ. Монгол хүнийг бид яагаад  мартаад байна. Хэнд монгол хүнийг үнэгүйдүүлж бас орхигдуулах хүсэл байгаа юм бол. 

Түүхийн нэгэн үед Монгол хүн дэлхийн хүндтэй иргэн явсан, Монгол хүн дэлхийн талыг удирдаж явсан, Монголын мэдлэг, соёлд дэлхий нийт биширч явсан түүх хуучраагүй. Монголын гэсэн тодотголтой бахархам түүхийн, гайхамшигт үйл явдлуудын эзэн нь Монгол хүн та. Монгол хүн Дэлхийн хэмжээний оюунтай, дэлхийн хэмжээний мэдлэгтэй, дэлхийн хэмжээний бодолтой явсан цаг саяхан. Түүний тод жишээ нь Монгол түмний эцэг болсон Чингис хаан маань билээ. Харин түүх өнөөдөр биднийг танихаа байж.

Монгол улсын үндсэн хууль Монгол хүнийг хамгаалж бүхнээс эрхэм тэнгэрлэг гэдгийг нь тунхаглах ёстой. Харамсалтай нь үндсэн хууль маань бас л уул уурхайгаа гадныханд үнэгүй өгч өөрсдөө өртэй хоцордог тогтвортой байдлын гэрээ шиг Монгол хүнийг гадуурхан үйлчилж байна. Товчхондоо тогтвортой байдлын гэрээгээр уул уурхайгаа байгалаа, үндсэн хуулиар хүнээ алдаад дууслаа. Хэн тан нарыг хамгаалах юм бэ Монголын иргэдээ. Байгалийн баялаг, уул уурхай гэсээр байгаад хамгийн үнэтэй зүйлээ, Монгол хүнээ бид алдаад дууслаа.

АНУ, Солонгос, Чех гээд л албан бусаар манай улсын 120 гаруй мянган иргэн хилийн чанадад ажиллаж, амьдарч байна гэсэн тоо баримт байдаг харин яг хичнээн иргэн гадны оронд буйг хэн ч мэддэггүй. АНУ 28000, Солонгос 40000, Чех 6000, БНХАУ 6000, ИБУИНВУ 9000, ОХУ 6000, Японд 4500 Монголын иргэн амьдарч байгаа гэсэн барагцаа тоо байдаг.  Энэ тоо зүгээр нэг тоо биш сүйрлийн дохио юм шүү Монголчууд минь. Зүйрлэвэл 120 мянган Оюу толгойгоо алдсан гэсэн үг шүү дээ.

 Харлах, боолын хөдөлмөр, хүний наймаа зэрэг элдвийн гутамшигт нэр зүүсэн элэг нэгтнүүдээ бид л экспортолсон шүү дээ. Солонгос кино үзэж гоё сайхныг нь бишрэхдээ холын орныг зорих Монгол охид залуусыг хамгаалах төрийн ямар ч бодлого алга. Монголын хамгийн үнэтэй баялаг болсон Монгол хүн хэдэн зуун мянгаараа харийн оронд экспортлогдож тэр нь үндэстний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байхад хүртэл энэ сэдэв хаалттай хэвээр.

Монгол улсын экспортын №1 бүтээгдэхүүн болсон Монгол хүн эмгэнэлтэйгээр боолын хөдөлмөр эрхлэн гадуурхагдсан хувь тавилангаар өдөр хоногийг нулимс дуслуулан өнгөрөөж байна. Сэтгэл зүрх нь эх орондоо уяатай ч харалган засгийн бодлого тэдний хувь заяанд дэндүү хатуу хандана.

Эх нутагтаа эхнэр хүүхдээ үлдээгээд сайхан амьдралын төлөө тэмүүлэх тэдэнд буруу байхгүй. Хүн шиг л сайхан амьдрах гэж гадны оронд  гадуурхагдаж боолын хөдөлмөр хийх Монголын залуучуудыг эзгүйчилж гадны ажилчид тэдний байр суурыг эх нутагт нь булаана. Монгол уул уурхайгаа, ноос ноолуураа зөөгөөд оронд нь болсон болоогүй гадны эд барааг авдаг шигээ бас л эрүүл чийрэг, оюунлаг охид залуусаа экспортлоод оронд нь өвчтэй, чадваргүй гадны иргэдийг импортлоно.

Гадны оронд мэдээж сайхан байхгүй тэд зовж байгаа. Таван цаасны төлөө ирээдүйн амьдралынхаа төлөө, эх орныхоо төлөө хөлсөөн урсган байж зүтгэх тэдний хөдөлмөрийн үнэ цэнэ авлигач түшмэдийн увайгүй сонирхолын бай болсоор л. Сайхан амьдралыг хүссэн мянга мянган Монголчуудын нүүдлийн их цуваа хөвөрсөөр л.

Өнгөтэй өөдтэй хамаг сайн сайхан бүхнээ үгүй хийж муу муухайг урин залах Монгол төрийн бодлого дэндүү дорой дэндүү ичгүүртэй юмаа.

Д. Санчир

Categories: Нийтлэл
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: