Home > Өгүүллэг > Уруулын хээ [Өгүүллэг]

Уруулын хээ [Өгүүллэг]

Гоожуурт хүйтэн ус нэгэн хэмээр дусална. Хэн нэгний хөлөө чирэн залхуутай холхих нь чихэнд чийртэй.

Дулаахан, зөөлөн углаашаа хуучирч муудсан шалан дээгүүр чирэн нааш, цааш алхаж байхдаа Ганаа гоожуураас дуслах усыг үзэн ядаж буйгаа мэдэрнэ.

Хүйтэн ус гоожуурын хүйтэн ханыг нэгэн хэмнэлээр балбах чимээ яваандаа тархин дотроос гарч эхлэв. Оюун мэдрэл нь тэрхүү ус дуслах хэмнэлээр лугшин өвдөх аж. Өрөөний халтар хана, өнгө алдан навсайсан гэрлийн бүрхүүл, гал тогооны хэсгийн арга ядсан байдлыг гүйлгэн хараад Ганаа уртаар санаа алдлаа.

Новш гэж. Хов хоосон, бас гашуун.

Хаалга тогшив. Бариул нь хугарч, өнгө будаг нь танигдахаа больсон хаалга түлхэн Сувдаа орж ирлээ. Сэтгэлд гуниггүй хөөрхөн инээмсэглэдэг энэ бүсгүй Ганааг өөрөөс нь ч илүү мэддэг. Бас ямар ч хэцүү үед мөрөөдөж чаддаг.

Яагаа вэ, юу болоод хөмсгөө атируулчихав. Бүсгүй духан дээр нь үнссэнээ, халимаг үсийг нь сахилгагүйтэн сэгсийлгэж орхив. Гомдлын гашуун нулимс зангиран юу юугүй асгарахаар огшин буйг мэдэрсэн Ганаа нүүрээ буруулан дуугаа хураалаа.

Сувдаа навсгар муу өрөөг нь дуу аялан цэвэрлэж эхлэв.

-Гоожуураа засуулаагүй юмуу? Хариулт ч хүлээгээгүй бололтой гал тогооны сав суулгануудыг угааж, цэвэрлэн, арчина. Их сургуулийн франц хэлний ангид сурдаг, оюутны байранд амьдардаг энэ охин хөгжилтэй, сэргэлэн, тэгээд бас ухаалаг. Энэ зуур Ганаа Сэмбэрүүг бодож суулаа. Түүний онигордуу нүд, шингэн хөмсгийг төсөөлөн санахыг оролдов. Сэмбэрүүгийн дүр төрх санаанд орох нь үгүй. Харин Ганаагийн толгой хоргоддог ганц муу өрөө шиг том угаалгын онгоц, хурлын танхимтай эндүүрмээр зочдын өрөө, үнэтэй тавилга сэлт, буйпан дээр нь байнга хэвтэж байдаг Чи нохой санаанд бууна. Өнгө будаг, гэрэл сүүдэртэйгээ нүдэнд харагдана.

-Махгүй ч гэсэн хоёулаа сайхан хоол хийж иднээ. Найз нь төмс, сонгино шарчихъя. Чи өлсч байна уу?

Ганаа нээрэн айхтар их өлсч байлаа. Сэмбэрүүгийн хөргөгчид төрөл бүрийн жимс, хиам, өндөг ёстой л хөглөрч байсан. Гал тогооны өрөөнд нь хүн төөрмөөр. Сэмбэрүү өөрт нь хачин сайн байдгийг Ганаа мэднэ. Гэхдээ баян айлын эрх охиныг тоож харсан нь үгүй. Гэтэл өчигдөр түүний төрсөн өдөрт ангиараа уригдаж, хотын төвийн нэгэн диско бааранд үдшийг бараад оройхон гэрт нь цөөхүүлээ очиж таарчээ. Сүрдмээр их эд баялгийн дунд Сэмбэрүү Чи нохойгоо эрхлүүлэн зугаацна. Гэрийн үйлчлэгч авгай хэрэгтэй бүхнийг бэлтгэж өгөөд гарсны дараа яагаад ч юм дуугаа хураан дүмбийсэн өнөө хэд хөгжилдөж эхлэв.

-Энэ үйлчлэгч гуай чамайг усанд оруулдаг юм биш биз дээ?

-Хэрэв би хүсвэл болно л доо. Ихэмсэг хямсгар Сэмбэрүү тэдэнд уух юм санал болгох зуур ийнхүү хариулсан. Барилгын компанийн захирал аав нь гадаадад ажлаар яваа гэнэ.

-Ээж Японд байгаа. Өвөл болохоор манайхан Монголд тогтдоггүй юм. Би ч бас амралт эхлэнгүүт Швейцарь явна.

-Тэгээд гурвуулахнаа ийм том байшинд амьдардаг юмуу? Ёстой төөрч үхэх юм байна даа.

Ангалзуур Энхээ ийн асуугаад хөлөө савчин аальгүйтнэ.

-Энэ миний гэр. Ээж аав хоёр урд байшинд амьдардаг гэх үү дээ. За тэр ч яахав, Ганаа чи миний номын санг сонирхохгүй юм уу?

Тэд шөнө хагаслан Сэмбэрүүгийнхээс гарчээ. Гэртээ орж ирмэгцээ амьдралд нь ямар ч утга учир байхгүй байгааг Ганаа мэдрэв. Будаг халцархай шал, хагарч цуурсан халтар хана, хариугүй салж унах дөхсөн, онгойх тоолон чахран дуугардаг хаалга, газар дэлгэсэн гудас… Нийтийн байрны хөлсний энэ өрөө түүнд оногдсон. Үүнээс дээрдүүлэхийн тулд илүү их мөнгө хэрэгтэй.

Хэрэв орд харшид амьдардаг Сэмбэрүү гэрт нь ирвэл хамраа чимхээд ярвайх байх даа. Ирвэл гэнэ шүү, тэр эрх охин иймэрхүү байшин, ийм нэг өрөө орчлонд байдаг гэдгийг мэдэх ч үгүй.

Төмс арилган, сонгино хэрчиж суугаа Сувдаагаас нүд салгалгүй ширтэнгээ Ганаа энэ бүхнийг бодож байлаа. Ганц өрөө сайхан байртай болохыг хүсдэг, дипломат албаны мэргэжил эзэмшихийг мөрөөддөг, мөрөөдөлдөө хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг энэ охинд тэр хайртай. Тийм царайлаг биш ч гэсэн эгдүүтэй хөөрхөн, мэдрэмжтэй энэ бүсгүй умгар жижигхэн өрөөг нь инээд хөөр, бас бодлогшролоор дүүргэж амждагсан. Гэвч өнөөдөр Ганаад юм бүхэн утгагүй санагдана. Сувдаа, Сувдаагийн дэврүүн мөрөөдөл Сэмбэрүүгийн гэрт гээгджээ. Насаараа ажиллаад ч Сэмбэрүүд байгаа бүхнийг бий болгож чадахгүй. Ингэж бодох тусам гоожуурт зогсоо зайгүй дуслах хүйтэн ус, хөл дор чихрах шалыг үзэн ядна. Нохойноос дор амьдарч байгаадаа бухимдана.

Өглөө гарахад нь Сэмбэрүүгийн хэлсэн

-Чи манайд нүүгээд ир л дээ. Амралт эхлэхээр хоёулаа хамт Швейцарь явъя гэсэн үгс чихийг нь долоох аж. Тэд ганц шөнийн дотор багагүй дотносч, хүүхний машинд удтал үнсэлцээд салсан билээ.

-Миний эрдэмтэн юу бодоод суучихав аа. Шарсан төмс бэлэн болчихлоо. Наашаа суу.

Сувдаа түүнийг хөтөлсөөр навтгар жижиг ширээний ард суулгалаа. Олон олон орой тэд энэ ширээний ард аз жаргалтай хооллосон. Уг нь ширээ биш л дээ. Цаасан хайрцган дээр жижиг модон хавтан тавиад алчуураар бүтээн ширээг орлуулсан хэрэг. Нэг өнцөг дээр нь тохойлдохоор хажуугаараа уначих гээд байдаг гэмтэй. Сувдаа урьдын адил төмс савхдан аманд нь барьж, хөгжилтэй яриагаараа хачирлана. Сэмбэрүүгийн үнэт чулуун ширээг Ганаа нэхэн бодов. Мөнгөлөг халбага, сэрээ жингэнэж байсан.

Сэмбэрүү, Ганаа, Чи нохой гурав…

Одоо бүр төсөөлөн бодож эхэллээ. Ингэхэд Сэмбэрүү сонгинотой төмс шарж чадах болов уу? Хоолоо дандаа захиалгаар авчруулдаг гэж ярьж байсан. Үйлчлэгч эмэгтэй нь Чи нохойныхоос илүү номхон хүлцэнгүй харцтай. Үргэлж тонголзож байдаг тэр авгай хэлгүй юм шиг дуугарах нь үгүй. Сэмбэрүүг дохих төдийд хэрэгтэй бүхнийг бэлэн болгоно. Ганаа нэгэнтээ

-Эгчээ танд туслах уу хэмээн асууж гэнэдсэнээ гэнэт саналаа. Тэгэхэд Сэмбэрүү

-Муусайн юмнуудад битгий нүүр өг. Эгч энэ тэр гээд байвал наад гуйлгачид чинь давраад эхэлнэ шүү гэж анхааруулсан. Нээрэн тийм шүү. Давраад элэг бариад байдаг болчихож мэднэ.

Сувдаа дуу аялсаар аяга тавгаа угаан гялалзуулж орхиод гарлаа. Номын санд сууж байгаад оройхон ирэх гэнэ. Түүнийг гармагц Ганаа хүрмээ яаран өмсч, хэдэн хувцсаа цүнхэнд хийж бариад хаалга зүглэлээ.

Сэмбэрүү түүнд сайн байдаг. Үргэлж ямар нэг юм бэлэглэх гэж хичээдэг. Хайртай гэж хэлээд уйлж байсан удаа ч бий. Шууд л яваад очъё. Ойлголцож л таарна. Яваандаа Сэмбэрүүг хайрладаг болно. Ганаа ширээн дээр бяцхан зурвас үлдээгээд гарч одов.

“Намайг уучлаарай. Би өөр хүнд сайн болсон. Эргэж ирэхгүй. Чамд амжилт хүсье. Ганаа”

Гадаа цас малгайлан орно. Ганаа гүйх шахам алхсаар баячуудын хорооллыг зүглэв. Явсаар гудамжны эхэнд ирлээ. Сэмбэрүүгийнх тэр харагдаж байгаа байшин. Өмнөөс нь ирж яваа ахимаг насны эмэгтэйг Ганаа танив. Дааж давшгүй их ачаа үүрчихсэн юм шиг бөгтийн алхах эмэгтэй түүнийг хараад алхаагаа удаашруулав.

-Эгч ээ, Сэмбэрүү гэртээ байна уу?

-Охин маань өвчтэй. Гэтэл би цалингаа авч чадсангүй. Эмэгтэй Ганаагаас аврал хүсэх мэт ширтэнэ.

-Тэр миний цалинг өгөхгүй гэнэ. Чи нохойд нь би таалагддаггүй юм байх. Эмэгтэй дуулдах төдий ингэж хэлээд замаа хөөлөө. Ганаа зогссоор хоцорлоо. Ээжтэй нь адилхан энэ эмэгтэй түүний сэтгэлийг өмөлж орхижээ. Хөөрхий ээж минь сумын дэлгүүрт өр тавьж жаахан гурил аваад харьж яваа байх даа. Ганаа гудамж өгсөн гүйлээ. Сэмбэрүү хаалгаа нээж өгөөд инээмсэглэн хүзүүнээс нь зүүгдэв. Чи нохойгоо нөгөө гартаа тэвэрчээ.

-Чи түүний цалинг өгөх ёстой.

-Юу гэнэ ээ? Хэний, юун цалин бэ?

-Чи үйлчлэгч эмэгтэйн цалинг өгөх ёстой.

-Чи чинь юу болчихоо вэ? Найзуудтайгаа дарвиад мөнгөгүй болчихоод байхад тэр муу үйлчлэгч хүлээж л байна биз.

-Охин нь өвчтэй гэнэ.

-Худлаа хэлж байхгүй юу. Муусайн юмнууд ингэж давардаг юм шүү. Чамд хэлэхээр өгнө гэж бодсон юм байх даа. Миний найз тайвшир. Хоёулаа галзуу гоё кино үзье.

-Тэр эмэгтэйд унааны ч мөнгө алга.

-Тэгээд яагаа вэ. Маргааш өглөө ирэхэд нь би ажлаас халчихна. Тэглээ гээд тэр яах юм. За алив оръё л доо. Сэмбэрүү цааш эргэв.

Ганаа мөрнөөс нь татан эргүүлээд Чи нохойг нь шүүрэн авлаа.

-Түүний цалинг өг. Үгүй бол энэ нохойг би шидлээ шүү.

-Солиороо юу. Тэр авгай чиний эгч, ээж юмуу. Таарч дээ.

Сэмбэрүү чангаар хашгична.

-Чамд мөнгө байгаа, би мэдэж байна.

Сэмбэрүү цааш гүйн орж, гоёмсог цүнхээ авчран онгичлоо. Сандарч яарсандаа чичрэх аж.

-Май, 150 мянган төгрөгийн төлөө үхлээ юу. Үхэх нь л дээ. Ав энийгээ. Миний нохойг өг.

Ганаа мөнгийг шүүрэн авч, нохойг нь хүүхний өвөр дээр шидчихээд гарахаар эргэв.

Түүний гартаа барьсан хувцастай цүнхийг анзаарч харсан Сэмбэрүү

-Ганаа, миний буруу. Би, би цалинг нь маргааш өгье гэж бодож байсан юм. Ойлго л доо. Үсээ янзлуулах гээд, картнаасаа мөнгө авч амжаагүй. Хэрэв хүсвэл, би тэр эмэгтэйг буцаагаад ажилд авчихъя хэмээн түргэн түргэн учирласаар.

Ганаа гүйсээр гудамжны эцэст үйлчлэгч эмэгтэйг гүйцэж ирлээ.

-Мөнгөө ав. Гэхдээ, дахиж тэднийд очоод хэрэггүй л байх аа даа.

Гайхаж хоцорсон түүнийг дуугарч амжаагүй байхад Ганаа хуучин муу цүнхээ савчин яаран одов.

Будаггүй, бариул нь хугарсан хаалга хөгжилтэй чихарсаар онгойлоо. Гэртээ ормогц ширээ рүү харав. Зурвас өнөөх байрандаа. Ухасхийн авч халааслаад хувцсаа тайллаа.

Дулаахан углаашаа өмсөн, өрөөн дотуураа холхиж эхлэв. Хувиараа хүүхдүүдэд англи хэлний хичээл заах хэрэгтэй юм байна. Орчуулга бас хийж болно. Сувдаа дэмжинэ гэдгийг Ганаа мэдэж байлаа. Гоожуурын ус дуслах нь хөгжим шиг л сонсогдоно.

Оройхон хацар нь ялимгүй улайсан Сувдаа бодлогширсоор орж ирэв. Ганаагийн уруул дээр үнсээд хүрмээ тайлан энгэрт нь наалдав. Энхрийхэн, гуниггүй…Түүнийг орхиж болно гэж үү?

Зурвасын талаар тэр юу ч мэдэхгүй. Мэдээгүй нь ч болж.

Шөнө дөлөөр, гоожуураас дуслах усны нэгэн хэвийн чимээг сонсон хэвтэж байхдаа Ганаа гэртээ үлдээгээд гарсан зурвасных нь доод буланд уруулын будагны хээ нэмэгдсэн байсныг саналаа. Сэмхэн босч, үүднээс хүрмээ аван халаасаа ухав.

“Намайг уучлаарай. Би өөр охинд сайн болсон. Эргэж ирэхгүй. Чамд амжилт хүсье. Ганаа”

Будагтай уруулаар Ганаа гэсэн нэрэн дээр үнсчээ. Сувдаагийн уруулаа өнгөлдөг ягаан будаг. Тайван унтаж байгаа бүсгүй гомдсон мэт тэрүүхэндээ эхэр татсанаа хүүхэд шиг яраглана.

Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: