Home > Өгүүллэг > Ингээд л гүйцээ /өгүүллэг/

Ингээд л гүйцээ /өгүүллэг/

Төмөр хаалга удаанаар чихран онгойж Жагаа алгуур алхсаар хаалганы гадна гарав. Гарч зогсоод ард нь хаалга хаагдах чимээг сонсон хэсэг хөдөлгөөнгүй байснаа, тэнгэрлүү харж уужим амьсгаа аваад, харцаа аажим доошлуулсаар газар хэвтэх хагарсан чулууг олж харав. Дороо суугаад машины дугуйнд нухлагдан хагарсан чулууны хэсгүүдийг гартаа атгаж харуулын бүүтэгний довжоон дээр тавилаа. “Хагархаа мэдсээр байж энэ зам дээр хэвтэж л байдаг! Чи бид хоёр ч адилхан юм даа. Би бас буцаад орохоо мэдсээр байж эндээс ийм маягаар хэдэн ч удаа гарч байна даа?” гэж чулуутай ярина. Түүнийг түрүүнээс хойш ажиглаж зогссон жижиг хар тэрэгний жолооч дохиогоо хангинуулсан ч Жагаа тоосонгүйгээр барахгүй бүр хүний урманд харсанчгүй ээ. Машинаас нэгэн цэмцгэр хувцасласан залуу бууж түүнд ойртон ирээд “Та Жагаа мөн үү? Намайг сайд явуулсан юм. Би таныг түүн дээр хүргэж өгөх үүрэгтэй” гэж хэлснээ “Миний нэрийг …” гээд гараа сунгасанд Жагаа “Чи нэрийг минь мэддэг юм байна. Тэр л хангалттай” гэж хэлээд түүний хажуугаар гарч машинлуу алхав.

“Би саяхнаас л сайдын туслах болсон л доо. Та хэр удаан суусан юм бэ?” гэхэд нь Жагаа “Чамаас өөр ийм хэдэн банди байдаг юм?” гэж асуувал нөгөө залуу мэдэхгүй хэмээн мөрөө хавчив. Замын турш залуу түүнтэй юм ярихыг хичээж байсан ч Жагаа бараг л дуугарахгүй. “Шоронгийн хоолыг их муухай байдаг гэж сонссон. Би идэж үзээгүй л дээ, үнэн үү?” гэвэл “Би ч бас идэж үзээгүй л байна” гэж хариулсанд залуу жаахан гайхсан янзтай харагдана. “Та хочгүй юм уу? Манайхан бүгд л хочтой” гээд цааш үргэлжлүүлэх гэхэд нь тэрээр “Сонс, намайг бүгдээрээ танидаг учраас хоёр хочтой байсан ч нэрээр минь л дуудна. Ойлгов уу?” гэж уцаарлав. Хэсэг дуугүй байсан залуу дахин “Сайд яагаад заавал таныг сонгож дуудуулсан юм бол? Хоригдоогүй хүмүүс уул нь зөндөө л баймаарсан?” гэж сониучлан асуухад нь Жагаа “Кинон дээр гарсан алдаанд киног хийсэн хүмүүс л хамаатай байдаг болохоос үзэгчдээс хайдаггүй юм! Харин чи одоо жаахан дуугүй байгаад өгөөч үгүй бол чи надтай хамт буцаж нарсанд хатна шүү!” гэж хатуухан хэлээд цонхоо бага зэрэг онгойлгов.

Зуслангийн байруудын дундуур сүлжин явсаар айлуудаас жаахан зайдуу, уулын бэлд шахуу байрлах цайз маягийн тансаг, том барилгын хашааны өмнө ирэн зогслоо. Залуу бууж орох хаалганы хажууд байрлах жижиг самбарын товчлуурыг дараад хэсэг болсны дараа хаалга онгойн машин дотогш орж зогсоол хүрээд зогсов. Жагаа машинаас бууж 3 давхар байшинг ажиглан харангаа “Энэ байшинг авах гэж хичнээн хүний хувь заяаг шийдсэн бол?” гэж бодож зогсов. 3 давхрын задгай дээвэрт байрлах урт дүнзэн ширээнээс нэгэн хүн босож зогсоод түүний зүг гараараа дохин ёслосонд Жагаа “Нэг ч их өөрчлөгдөөгүй байх шив!” гэж шивнээд байшингийн зүг урагшиллаа. Хаалганы чанх урд зүгт, цэцгийн мандалуудын голд байх усан оргилуурын дэргэд ирээд нэгийг санасан мэт хэсэгхэн зогсоод, цааш доогуур нь хиймэл горхи урсах модон гүүрэн дээгүүр гарч байшингийн хаалгыг чиглэн алхсаар ирэхэд хуучны танил нь өөрөө хаалгаа онгойлгож өгөөд гэртээ урилаа.

“Надад ч гэсэн тийм амар байна гэж чи бодоо юу? Энд асуудал мундахгүй их байна! Нарсанд байдаг чамд харин ч амар байдаг байлгүй” гэвэл хариуд нь Жагаа “Асуудал чухал биш ээ! Чи ч яахав энд хүүхдүүдтэйгээ хамт сайхан байна. Гэтэл би охинтойгоо уулзаагүй 5 жил болсон. Чамаар охиныхоо төлбөрийг төлүүлж байгаагынхаа хариуд би шоронд 5 жил суучихаад байна. 5 жил болоход би чиний төлөө, чиний гэр бүлийн төлөө хэдэн удаа гарч, хичнээн хүн тонилгосныг чи ер нь мэдэх үү? 5 жилийн хугацаанд би охиноо саналгүй 1 өдрийг ч өнгөрөөж үзээгүй!” гэж чангаар хашгиран хэлэв. “Аяар! Хүмүүс сонсчихно” гэсэнд Жагаа дуугаа хураан сандал дээр суугаад хойш налж нүдээ анин хэвтэж хэсэг дуугүй байснаа түүнлүү хараад “Надаар яах гэсэн юм?” гэж цухалдангуй асуусанд гэрийн эзэн тайвнаар “Жагаа! Чиний ачаар би өдий хол явж чадсан. Би мэднэ ээ. Үүнийхээ ч хариуг би төлдөг! Энэ удаа сүүлчийнх!” гэж учирлав. Жагаа ширээрүү ойртон үнэтэй тамхинаас нэгийг авч зуугаад асааж “Хэнийг?” гэж асуувал шууд л “Намын даргыг!” гэж хариуллаа. Гайхширсан тэрээр нүдрүү нь харж инээгээд “Чиний хүн биз дээ?” гэж хэлвэл хариуд нь шийдэмгий байдалтай “Тэр тусмаа!” гэж шулуухан хэллээ.

Мягмар гаригын “Өдрийн сонин” “Намын даргын үхэл хэнд хэрэгтэй байв?” гэсэн гарчигтайгаар хэвлэгдэн гарсныг Цолмон хүү барьсаар аавдаа авчирч өгсөнд тэрээр цааш нь уншаад инээмсэглэлээ. Орой нь Жагаа тэр хоёр хамтдаа суун шар айраг тулгах үед мэдээгээр “Өчигдөр орой 21.30 минутын орчимд намын дарга …, гишүүн …, жолоочын …-н хамт Нүхтэд байх гэрлүүгээ явж байх үед тус хэрэг болжээ. Амьд үлдсэн гэрч болох гишүүний хэлж буйгаар шороон замруу ороод удаагүй байхад нэгэн машин зам хаан зогсож дотроос нь 1 багтай хүн бууж ирээд эхлээд жолооч …-г, дараа нь намын дарга ….-г буудаад харин гишүүнийг зүгээр орхин машиндаа сууж зугтсан байна. Одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан гишүүн …-г өөрийг нь саатуулаад байгаа бөгөөд цагдаагийн газраас тэрхүү гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж эхэлжээ” гэж мэдээллэв. Үүнийг сонсож суусан гэрийн эзэн Жагаад хандан “Гайхалтай. Яг тэр үед хүссэн хүн маань тэр машинд явж байдаг нь аз шүү. Чи ч мэдсэн юм шиг амьд үлдээж байдаг!” гэж хэлээд тас тас хөхрөв. “Ингээд бид хоёрын нууцыг хөөрхий минь авсандаа аваад орлоо доо. Одоо тэр их мөнгө минийх болсон. Гэхдээ чи ч бас эндээс хувь хүртэх ёстой, тийм үү?” гэж асуувал Жагаа “Нарсанд байгаа надад наадхын чинь хэрэг гэж юу байхав дээ. Охинд минь л миний өмнөөс хэд гурван юм явуулж байвал л боллоо.” гэж үнэн сэтгэлээсээ санаа алдан хэлэв.

Жагаа охинтойгоо утсаар ярихдаа тун чиг жаргалтай харагдана. “Аавынх нь бие зүгээр ээ. Миний охин сургуулиа төгссөн бол болоо доо. Ажил төрөл нь тэгээд гайгүй юм уу? Миний охин биеэ сайн боддог юм шүү” гэхчлэн удтал ярив. Утасны харилцуурыг тавьсан ч гэсэн охиных нь дуу чихэнд нь сонсогдсоор… “Ааваа, та энд ирэхгүй юм уу? Охин нь ажилтай болсон. Одоо таныгаа жаргаамаар байна.” гэж хэлсэн нь дахин дахин сонсогдож байлаа. Хэдийгээр охиндоо яваад очихыг тэсэлгүй их хүсэж байсан ч шоронгоос суллагдах хүртэл бүхэл бүтэн 4 жил үлдсэн байв. “Би таныг маргааш өглөө 6 30-д ирж авая” гэж хэлээд жолооч залуу явахад Жагаа “Тийм эртээр яах нь вэ!” гэж хашгираад хоцорлоо. Маргааш өглөө нь машин хурдлан давхисаар хотын захруу дөхөж байгааг Жагаа анзаарсанчгүй. Гэтэл жолооч явсаар “Чингис хаан” нисэх буудлын үүдэнд ирээд “Таныг энд хүргэ гэж надад хэлсэн” гэвэл Жагаа гайхаж хаалгаа онгойлгон буугаад эргэн тойрноо харав. Энэ үед түүн дээр өнөөх ганган залуу ирээд “Сайд танд энийг өгөөрэй гэж надад захисан. Энэ таны гадаад паспорт, АНУ-н 10 жилийн визтэй, энэ таны Сиетл хүрэх тасалбар, энэ охины тань данслуу шинжүүлсэн 100.000 долларын баримт. Таны онгоц 1 цагийн дараа ниснэ” гэж хэлээд машины хаалга онгойлгоод сууснаа эргэж “Өө нээрээ сайд таныг эргэж ирэх хэрэггүй шүү. Хэрвээ ирэх юм бол надтай хамт нарсанд хатна шүү гэж хэлүүлсэн” гэж хэлээд хаалгаа хаан цааш хурдлахад гайхаж хоцорсон Жагаагийн нүдэнд нулимс цийлэгнэн хоцорлоо.

Written by Akilla

from: http://freesong.miniih.com

 

Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: