Home > Өгүүллэг > Та бүхэн “Ижийдээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын III уралдааны ялагч болсон 3 захидлыг таалан соёрхоно уу!

Та бүхэн “Ижийдээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын III уралдааны ялагч болсон 3 захидлыг таалан соёрхоно уу!

1-р байр С.Баатарсүх – Өвгөнхүүгийн дуутай захидал

Ээжээ та сайн уу? Хүү нь сайн байнаа. Цагаан сарын шинийн нэгэнд таньдаа очиж золгож, үнсүүлсэнээс хойш овоо хэд хоног өнгөрчээ. Хайрт буурал ээж минь та үргэлж нүдэнд харагдаад таныгаа хүү нь их үгүйлэх юмаа. Нарт хорвоог харах мэлмий маань өдрөөс өдөрт суларч энхрий буурал ээжийгээ харж чадахгүй болох вий гэж бодох бүрийд сүнс минь зайлчих шахах юм. Хэрэв харах мэлмийгүй болох аваас та л их шаналах байх даа. Зүгээр, Бурхан надад тусална аа Ээжээ. Амьд явахад алтан аяганаас ус ууна гэж ардын зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Хүү нь алтан аягагүй ч гэсэн алгандаа мөнхийн рашаан дүүргээд ээждээ баринаа. Ээж минь та бор хүүдээ ангир шар уургаа шимүүлж, халуун элгэндээ энхрийлж өсгөсөн агуу их ачтан сахиусан тэнгэр бурхан билээ. Ээжээ таньд хүү нь маш их хайртай гэж хэлэх юу ч биш байх аа. Яагаад гэвэл эхийн ачлал, хайр энэрэлийг юутай ч зүйрлэшгүй. Ээж минь та байгаа учраас энэ дэлхий оршин тогтож байгаа юм шүү дээ. Ээжий минь ангир шар уурганд агуу их авъяас суу билгийг шингээж бурхан надад өгсөн гэлтэй. Тэгвэл муу бор хүү тань таны эрдэнийн рашаан болсон ангир шар уургийг тань зүгээр нэг хоосон залгисангүй харин ч яруу тунгалаг чихнээ чимэгтэй дуу, хөгжим болгон залгиж байж шүү. Одоо л хүү тань ухаан сууж байх шиг байна даа.

Шүл. Ш.Шажинбат                          хөг.С.Баатарсүх

(1968 онд ээждээ зориулав)

 

Нүдэн нуур

Холын сайхан Алтай нутагт минь

Холбоо нуур ууланд байдагсан

Холбоо нуураа харан суухлаар

Хайртай ээжийн минь нүд шиг санагддагсан

Уулын нуурын шуугих долгионд

Уяхан хөхөөн дуулал байдагсан

Уяхан хөхөөн дууллыг сонсохоор

Ухаант ээжий минь бүүвэй сонсогддогсон

Эргээ цохилон бидэрлэх усандаа

Эрдэнийн долгиог хаялан мяралздагсан

Эрдэнийн цагаан долгиог харахлаар

Эхийн цагаан сүүтэй адилхансан

Хормойн чинээ тэрхэн нууранд минь

Хунгийн сүрэг дандаа ирдэгсэн

Хунгийн сүрэгт нуураа харахлаар

 

Хайртай ээжий минь өвөр санагддагсан гэж муу хүү нь 1969 онд 19, 20хон насандаа дуулж хөгжимдөж явсаныг минь ээжээ та санаж байна уу? Энэ дуу минь 41 нас хүрчээ. Би 62 нас хүрчээ. Ээж минь та 81 нас хүрчээ. Дуу минь намайг дагаад хүү нь ээжийгээ дагаад өтлөх янз оржээ. Ээжийнхээ ачлал, хайр энхрийлэл дор өссөн шиг өтлөх сайхаан, сайхан.

Ээжээ! Муу бор хүү чинь “Цэнхэр залаа”, “Монголын нууц товчоо /7-р симфони/”, “Цэцгэн зүйрлэл”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Халтан манан хөөрөг”, “Охин үр минь”, “Тооно өргөх хүү минь”, “Хүрээ байшин”, “Сансарын хүлэг”, “Долоон бурхан” зэрэг олон зуун дуу хөгжмийн бүтээлүүдээ буянт ээж таныхаа ангир шар уургаар амилуулж хийсэн юм шүү дээ. Амьд бурхан, буурал ээж минь та зуу наслаарай!

Ээжээ хүүгий чинь дотор нэг зангирсан бодол байгаад байх юм. Түүнийгээ таньдаа тайлъяа. Ээжээ. Муу бор хүү чинь мэдээ орж хөл, хэлд орсон цагаасаа хормойноос чинь зуурч ажлыг тань хийлгэхгүй дагаж уйлж ярдаглаж, сургууль хичээлээ муу хийж чихийг чинь халууцуулж, тэвэг өшиглөж, хөл бөмбөг тоглож гутал хувцасаа урж сахилгагүйтээд зогсохгүй, эрийн цээнд хүрсэн хойноо ч гэсэн түшиг тулга болох ёстой атлаа зөвхөн уран бүтээлийнхээ мөрийн хөөж бор дарсан зүгээр ч үгүй шүлэнгэтэж ачлал хайрыг тань даалгүй хөөрцөглөж явсан бол энхрий буурал ээж минь өвгөн бор хүүгээ өршөөгөөрэй. Өршөө! Ээж минь өршөө! Амьд бурхан буурал ээж минь та зуу наслаарай. Хүү нь ээжийнхээ насыг хүртвэл болох нь тэр ээ!

2-р байр Болор

Сайн байна уу? Гэрэлтэй цонхын хүндэт ах эгч нараа, та бүхэндээ энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе. Хайрт ээждээ баярлаж явдаг багтаж ядсан сэтгэлээ энэхүү захидлаар уламжлан буйдаа таатай байна. Миний ээжийг Нарангэрэл гэдэг. Улаанбаатарын уугуул, доороо найман дүүтэй айлын том охин. Миний ээж асар их сэтгэлийн тэнхээ зориг тэвчээртэй хүн. Одоогоос 4 жилийн өмнө буюу би 19-н настай байхдаа хүнд өвчин туссан юм. Уушигны минь гялтан хальс идээлж 3 удаа хагалгаанд орсон боловч дорвитой, үр дүн үзүүлэлгүй цээжний хөндийг минь нээлттэй үлдээсэн юм. Ингээд өдөр болгон л маарилан чихээс хийлгэж байх шаардлагатай боллоо. Хайрт ээж минь миний боолтыг хийж өгдөг. Уг нь эмнэлэгт очиж боолгох ёстой ч ээж минь яг л эмч шиг цэвэрлэж, огт өвтгөлгүй боож өгдөг болохоор ээжээрээ боолгочихдог юм. Ээж минь намайг  эдгэрэхгүй болохоор сайн гэсэн бүрийг авчирч, хаана ямар бөө, сайн лам, зурхайч байна бүгдэд нь л үзүүлнэ. Үзсэн хүн бүр л ээж чинь чиний амийг аварчээ ээждээ баярлаж яваарай гэнэ. Ээж минь миний амьд бурхан. Хэрвээ ээж минь байгаагүйсэн бол би та бүхэнд энэ захидлыг бичих нь бүү хэл энэ хорвоогийн тоос шороог хөдөлгөж явахгүй байсан байх. Хэн ч намайг гаднаас минь хараад цээжний хөндий нь нээлттэй байнгын идээ гарч байдаг өвчтэй охин гэж хэлэхийн аргагүй ээж минь намайг асарч халамжилдаг. Ээж минь намайг “Миний охин ээждээ амьд цэцэг” гэж хэлдэг юм. Нээрээ л ээж минь намайг цэцэг шиг л арчилж, торддог доо. Өвчнөөсөө болоод их сургуульдаа явж, ажил хийх чадваргүй байна гэж гутах зүйл бишгүй ч миний ирээдүйд хором бүр шаналж залбиран суудаг ээж минь намайг агуу их сэтгэлийн хатаар бадраан байна. Ийм сайхан ээжтэй би их азтай хүн.

Тиймээ хайрт ээж минь би таньдаа хязгааргүй хайртай шүү. Таньдаа хайртай гэж өдөр болгон хэлэхийг хичээдэг ч үнэхээр чамлалттай юм. Арван сар таныхаа хэвлийд бойжоод ангир уурагнаас тань харамгүй хооллочихоод алдрай алдрай балчир наснадаа өвчин гэж ороож зовоогоогүй хэрнээ асарч тэтгэх энэ л ансандаа санааг тань чилээж буй ачлалгүй охиноо өршөөгөөрэй ээж минь. Охин нь заавал эдгэж эрүүл болоод ачилж чадаагүй  хором бүрийнхээ тоогоор танийгаа жаргаахын төлөө хичээнээ охин нь. Ядаж байхад сүүлийн үед ээжийн минь зүрх нь өвдөх болсон. Зүрхэнд нь хагалгаа хийлгэж болохгүй байгаа үе нь өнгөрчихсөн, хагалгаа дийлэхгүй эмээ л уухаас өөр аргагүй гэж эмч нь хэлсэн. Зүрх нь байнга хавагнаж эмнээс өөр эмчилгээгүй ээж минь дэрэээс нь өвчтэй намайг хараад ямар их шаналж байгаа бол доо гэж бодохоос аймшигтай. Гэхдээ хэзээ ч гомдоллож бухимддаггүй ээж минь үнэхээр агуу. Амьдрал гэдэг хатуу ч хайрт ээжийн минь сэтгэлийн тэнхээ юутай ч зүйрлэшгүй. Тэнгэрийн муухай арилж, шөнө өдрөөр солигддог шиг өвчнөөсөө салж жаргах цаг удахгүй ээ ээж минь. Бодол сэтгэлд минь амилсан “Амьд бурхан” ээж минь урт насалж хайрлаарай. Охин нь таньдаа маш их хайртай.

Хайртай охин Болор нь

3-р Байр З.Алтанцэцэг

… “Ээждээ захидал бичээрэй” гэсэн уралдаан зарлаж байгааг сонсоод анхандаа ихэд айж бичих талаар ихэд бодон байж бичлээ. Би урьд өмнө нь ээжийнхээ тухай иймэрхүү уралдаанд оролцож байгаагүй. Намайг З.Алтанцэцэг гэдэг. Одоо 18 настай. МУИС-ын ОАСС-д нягтлан бодох бүртгэлийн ангид сурдаг. Миний ээжийг Ч.Оюун гэдэг. Намайг 1992 онд төрүүлчихээд 2 сарын дараа эмээ дээр орхиод явсан. Түүнээс хойш 5 удаа л ирсэн ч хамтдаа амьдраагүй юм. Багаасаа ээжээсээ холдсон болохоор амьдралд гомдмоор байдаг. Миний ээждээ илгээсэн захидал минь 3 хуудас ч гэсэн сэтгэлийн минь орон зайд дүүрэн байгаа. ОУЭмэгтэйчүдийн баяраар иймэрхүү уралдаан зарлаж байгаад баярлалаа. Тэмцээнийг үнэн бодитой шүүж явуулаарай. Танай телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Саруул уудамхан энэ орчлонд

Сайхан Монгол бүсгүй ээж минь

Арван сар тээж төрүүлсэн наддаа

Ангирхан уургаа амтлуулсан

Хатуу энэ орчлонг

Аашаараа та минь зөөлрүүлдэг

Худал хуурмаг ертөнцийг

Уран үгээрээ дардаг миний Монголын ээжүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын Мэнд!

Миний ээжийг Ч.Оюун гэдэг. 2 хүүхдийн ээж, хүний сайхан хань. Ээжээ таны 2 сартай байхад нь орхиод явсан охин нь байна би. Би таны энхрийлэн дууддаг байсан “Зээхнээ” байна. Тиймээ, амьдрал хатуу, хүн гэдэг шантрамтгай юм хойно яая гэхэв. Миний ээжий та охин үр хүсэж байж гаргачихаад хүний дайтай болгож чадахгүй, амьдралд бууж өгсөн. Одоо тэхдээ охин нь таньдаа гомдохгүй. Учир нь та намайг энэ уудам хорвоотой танилцуулж өгсөн болохоор тэр шүү дээ. Охин үр тань ээжээ одоо орчлонд мэндлээд 18 нас хүрч байна. Таныгаа би чинь гаднаа зэвүүцэн уурлаж байгаа ч цээжиндээ цохилох бяцхан зүрхэндээ, гуниг харуусалгүй сэтгэлдээ үргэлж санан дурсаад бас хүлээгээд л сууна. Тиймээ, ээжээ та ирэх болоогүй юм уу? Энэ хорвоод мэндэлсэн цагаасаа хойш энэ мөч хүртэл туулсан он цагуудад таньтайгаа би нэг жил ч хамт байгаагүй. Ээжээ охин чинь балчир гурван насыг эс тооцвол 15 жилийн 15 гуравдугаар сарын 8, бас төрсөн өдөр, шинэ жил, 6-р сарын 1-ийг үдэж өнгөрөөсөн.

Энэ мөчүүдэд би хоёр жаахан нүдэндээ нулимс хуруулж эсвэл сэтгэлийн тэр цагаахан сэтгэлд ус хуруулж суудаг байсан. Учир нь баяр болгоноор миний эргэн тойрныхон гэр бүлээрээ хамт тэмдэглэсэн, ингэж бид нар гадуур явсан гэж ирээд л хоорондоо хэл амаа сугалах шахан ярьдаг. Эдгээр үгийг нь сонсох тоолонд өөрийн эрхгүй уйлж, бас амьдралаас залхдаг байсан. Таныг би их санадаг болохоороо эхийн тухай шүлэг, дуу, кино гээд олон зүйл тэр тусмаа ээжийнхээ хайранд жаргалтай гэгч нь эрхэлж байгаа хүүхдүүдийг хараад сэтгэлээ барьж ядан мэгшдэг байсан. Гэхдээ энэ бол эхлэл нь…

Хамгийн аймаар санагддаг зүйл бол та зүүдэнд минь ирдэг шигээ бодит амьдралд ирдэггүй. Тийм болохоор би шөнө болохоор хааяа сэтгэлдээ түгшилттэй айдаг байсан. Учир нь та зүүдэнд минь ирчихээд л явчихдаг, харин би сормуус норгон уйлж хэвтдэг. Ээжээ охин нь хааяа эхийн хайрыг ихэд үгүйлсэн байдаг учраас өөрийн таньж мэддэг найзуудынхаа ээжийг “ээжээ” гэж дууддаг. Гэвч тэд өөрсдийн мах цусны тасархай үртэй болохоор намайг ямар ойшоох ч биш дээ. Тэгээд л би хүмүүсийн дунд хааяа эвгүй байдалд ордог. Учир нь та намайг орхиолд явсанд би ээжийн тухай сайхан сэтгэгдлийг мэдэхгүй байна. Гэсэн хэдий ч таньтайгаа хамт байхыг хүсдэг болохоор үзэн ядах сэтгэлээ жаргаж буй нартай хамт мөхөөж зүүдэндээ учрахыг хүсдэг. Учир нь та зүүдэнд минь ирэхдээ эмэгтэй хүний эрхэмсэг хэрнээ тэр даруухан харц, хайр гэрэлтсэн нүд дүүрэ инээмсэглэлтэй ирж намайгаа өхөөрдөн дуудан тэвэрч авдаг.

Та минь шөнө дундад ирэн үүр цайхын алдад тэнгэрт утаа замхарч буйн адил зүүдний ертөнцөөөс сарнин арилдаг. Тэгээд л эрх охин би өглөөний нарнаар сэрэхэд доголон нулимстай шинэ өдрийг угтдаг. Нэгэн өдөр би жаахан биенээсээ дэндээ том сэтгэл гарган ээж таныгаа хайн ирэхэд та намайг хараад нүдэндээ орсон шороо мэт үзэж, эзгүй цөлд хаяж байгаа юм шиг эргэж харалгүй яваад, үлдсэн охин нь түүнээс хойш 4 жилийг үдэж дээ. Ингээд л би таныг муухайгаар бодож дэмий л нэг өөрийгөө зовоосон. Одоо надад энэ бүх зовлон гуниг хангалттай. Яагаад гэвэл би даамай их хайраас тань гарсан болохоор даанч таныгаа мартаж чадахгүй юм. Та ч бас надтай адил хаа нэгэн газар намайгаа бас санаад л сууж байгаа байх. Ээжээ охин тань удахгүй охин насаа үдэж, хүний хань хүүхдийн ээж болно. Тиймээс багахан үлдсэн он жилүүдийг таныхаа хайраар өлгийдүүлж өнгөрөөмөөр байна. Ээжээ охин нь хэрвээ таныг ирлээ гэхэд “охин минь ээж  нь ирлээ” гэдэг үгийг сонсож ч чадахгүй байх. Ээжээ та миний бичсэн үг болгоныг сонссон бол охин дээрээ хүрээд ирээч. Би таньд ч бас охин үртэйгээ хамт байхдаа ямар их жаргалтай байдгийг мэдрүүлмээр байна. Таныгаа би намайг орхиж явсаныг чинь, очиход минь үл ойшоосон гээд бүх зүйлийг тань уучилсан. Тийм л учраас та ганцхан удаа охин үр над дээрээ ирээд “миний охин ээж дээрээ хүрээд ир” гэж хэлээд чангаас чанга тэврээч….

Ээждээ зориулсан шүлгээс

Бүүвэйн дууг сонсмоор байна ээж таниасаа

Бурхан минь таниас нэг зүйл гуйя

Бүтэхгүй гэж битгий хэлээрэй гуйя

Буурал хорвоод ганцхан удаа би

Бүүвэйн дууг зүүдэндээ ч болов сонсмоор байна

Төрүүлсэн эх минь намайг орхиж явсан

Тэвэрч үлдсэн аавдаа би хоёрхон сартай байсан

Ээж минь энэ үед бүүвэйн дуу аялсан ч

Энэ бие минь түүнийг яаж мэдэх билээ

Эцэг хүн хэрвээ бүүвэйн дууг

Эхийн адил уянгалаг аялдагсан бол

Энэ бие минь хүссэн дуугаа

Эцгээсээ сонсчих байсан даа хөөрхий

Бурхан үүнийг биелүүлж чадахгүй ч

Би мэдсэн хирнээ гуймаар байна

Буцаад яв гэж түлхсэн ээж таниасаа

Бүүвэйн дууг нэг л сонсмоор байна

 

Эх сурвалж: http://www.interpress.mn/story/v/36

Categories: Өгүүллэг
  1. efia
    March 11, 2011 at 12:57 pm

    хмм Агааноров ахаас асуухад энэ жил энэ уралдаан болохгүй гэд байсан чинь энэ юу вэ тэгээд одоо надад худлаа хэлсэн болж байна уу?

  2. tsenguun
    March 18, 2011 at 12:09 pm

    saihan shleg bna kkkk

  3. zulaa
    April 10, 2011 at 1:12 pm

    3 dahi ni iluu taalagdlaa

  4. May
    May 30, 2011 at 5:08 pm

    3dah n iluu taalagdlaa. 1deh n bas goyo bolson ch ugasa zohiolch um bna shdee…

  5. bman
    May 31, 2011 at 1:51 pm

    chinii zahiag unshaad zuuj baihad uuriiguu hamgiin aztaid bodj bailaa. chin setgelees garsan shuleg bolohoor ih goe boljee.

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: