Home > Өгүүллэг > Хуучны үгэнд худал байдаггүй

Хуучны үгэнд худал байдаггүй

50-иад жилийн урд намайг бага хүүхэд байхад багийн даргын алба хашдаг авга ахынд хэсэг хүмүүс хуучилж сууснаа нэг нь, хуучны үгэнд худал байдаггүй гэдэгдээ. Худлаа ярьдаг л байж. Бороо ороод маргааш нь нар гарахаар “одоо ч ногоо час час хийтэл ургана даа” гэдэгсэн. Ногоо ургахад дуу гарах нь хаашаа юм бэ? Сайхан худлаа ярьж байгаа юм шүү гэсэнсэн. Гэтэл Японд чимээ анир, сонсох судлах микро аппарат бүтээж түүгээрээ ногоо ургах явцыг судлахад асар их дуу чимээ үүсдгийг тогтоосон тухай 1970 оны эхээр намын үнэн сонинд бичсэн байсан. Япончуудын техникээр, шинжилгээ судалгаагаар баталсан тэр дуу чимээг монгол хүн техникгүйгээр олон зууны урд яаж тогтоов оо. Анир чимээгүй нам гүм орчинд аль эсвэл адуугаа манаж байхдаа олж мэдэв үү.
1970-аад оны үед ахмад настангууд цаг улирал, байгаль дэлхийд өөрчлөлт орж байгаа тухай Монгол орны энд тэндгүй ярьж “Биднийг багад чинь зун нь зун шиг өвөл нь өвөл шиг болдог байлаа. Говьд намар дуусдаггүй сэн дээ. Одоо ч налгар намрыг үзэхээ болих нь ээ” гэхчилэнгийн үгс чих дэлсдэг байсан. Харин тэр ярианы дундаас Цэрэв агсны хэлсэн “байгаль дэлхий өөрчлөгдөж буйг юуг нь гайхсан юм бэ? Хавар намар хоёр нь хавчсаар байгаад зунгүй болж, танил тал нь хавчсаар байгаад төргүй болох цаг ирэх юм гэнэ билээ.

Хуучны үгэнд худал байдаггүй юм. Чиний нас залуу байна үзнээ гайгүй” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. …5 дугаар сарын 15-нд мал мах тушаахад бог, бод цадаж үс ноосоо хаяад мөлчийчихсэн, дэлхий эрт дэлэгнэсэн нутагт айраг цагаа гарч хангай говь хаа сайгүй буянт малынхаа ашиг шимийг хүртэн хүнийх нь сэтгэл, малынх нь зоо тэнийдэг байсан цаг саяхандаа. Хангай газарт наадмын дараахнаас намрын аяс эхэлдгээ больж огoтно, зурам хөеөгөө 7 дугаар сарын дундуур хураагаад сэр сэр салхи сэвэлзэж намрын өнгө наадамтай зэрэгцэн эрт эхэлдэг болсоор арваад жилийн нүүр үзлээ. Байгаль дэхий цаг улирлын өөрчлөлт ганц бидний Монголчуудаас шалтгаалах биш, тэр ч яахав гэхэд … танил тал нь хавчсаар төргүй болно гэдгийг тэр олон жилийн урдаас өтгөс буурлууд яаж мэдээ вэ? Санаа сэтгэл, үзэл бодол нэгтэй гэх хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрлийг нам /нам гэдэг үг сэм гэдэг үгнээс гаралтай, сэм гэдэг нь хуйвалдах гэсэн агуулгатай/ хэмээн нэрлэж тэдэн дотроосоо аргатай зальтай, овсгоотой самбаатай нь албан тушаал алдар цолонд хүрч эргээд өөртөө талтай, дэмтэй, тустайгаа өөд нь татан дээш нь дэвшүүлж хариуд нь хишиг шан харамж авч түүнийгээ авилга хэмээн нэрлэж авилга нь төр захиргааны байгууллагын бүх шатанд нэвтэрч “шуналын див, жандангийн бузар” болсон түшмэдүүд хэн хэнтэйгээ хариуцлага тооцох чадваргүй болсноос төрийн хууль цааз Монголд үл хэрэгжих цаг ирэхийг ухаант мэргэд их холоос олж харсан нь хачирхалтай…Улс орон доройтох гурван үндсэн шалтгаан байдгийн нэгдэх нь төрийн суудал булаалдах, нөгөө нь архидах, гуравдах нь эмс завхайрах гэдгийг би олон жилийн урд сонссон боловч бас л нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргасан хэдий ч мартаагүй явдаг юм. Хэдэн зуугаараа улс, аймаг, сум, дүүргийн хурал, засаг захиргааны сонгуульд нэрээ дэвшүүлэн төрийн суудал булаалцалдаж эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй согтууруулах ундаанд шүлтээд бөгс, бөөр, гуя хаа, дэлэн хөхөө шалдалсан “хос зүрх, хоёр сүвтэй” авгай хүүхэн, эмс охид албан газар, аймаг сум, улс гүрэн дамжин завхайрч хөлхөлдөх нь улс орны доройтсоны шинж гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ? …Манай улс шиг бүрэн бүтэн нутаг устай, баян тансаг орон гүрэн энэ дэлхийд байдаггүй юм гэнэ ээ. Гаднаас ирж байгаа зочин гийчид хамгийн сайхан байгальтай газар Монгол гэж ярьдаг юм байх гэсэн үгийг сонссон азай буурал өвөө аль 1980 хэдэн онд “Хай мэдэхгүй, тэд сайн санасандаа тэгээгүй байлгүй.

Өвөг дээдсийн үлдээсэн газар нутгийн минь баялгийг дэлхийн 215 улс хувааж иддэг түүхтэй юм гэж хууччуул ярьдаг байсан юм даа гээд нүүр буруулсан бухимдангуй байхыг нь би бас л харсан хүн дээ… 2007 оны байдлаар дэлхийн 96 орны 2774 компани манайд үйл ажиллагаа явуулж, хятадын хөрөнгө оруулалттай компани дээрхээс 1000 илүүтэйгээр хол давсан тухай тоо бүртгэлийн мэдээ зурагтын дэлгэцээр хөвөрч байх юм. Монгол орон, монголчууд чөмгөө соруулждээ. Ухаангүй ноёд, урагшгүй түшмэдүүдтэй миний монгол яана даа. Бусдыг нь чаддаггүй юм аа гэхэд улсын нийслэлээ утаа, хог хоёроос нь салгаж, улс орноо цөлжилтөөс хамгаалж, цөлжүүлэхээс сэргийлэх аавын хүүхдүүд гараасай билээ.

Т.Баттулга

http://h-turuu.blogspot.com

Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: