Home > Танин мэдэхүй > Эрдэм ба мэдлэгийн ялгаа

Эрдэм ба мэдлэгийн ялгаа

Хэн нэгнээс эрдэм  гэж юу вэ гэж асуувал ихэнхи нь аан эрдэм үү гээд хэсэг бодлогоширон зогсох болов уу, харин зарим нь бидний сураад олж авдаг тэр л

зүйлс гэх болов уу, за тэгвэл эрдэмтэн гэж хэн бэ гэхэд их сурсан, боловролтой, том цолтой хүмүүс гэнэ. Харин мэдлэг  гэж юу вэ, мэдлэгтэй хүн гэж хэнийг хэлэх вэ гэж асуувал ихэнхи нь мөн л дээрхитэй адил зүйл хэлэх болов уу. Тэгвэл бидний өдөр тутам ярьдаг, хүнийг үнэлэх үнэлэмжийнхээ шалгуур болгосон эрдэм, мэдлэг хоёр юу болж таарваа? Энэ хоёр үгэнд ямар нэгэн ялгаа бий юу, эсвэл бид нэг л ухагдахууныг хоёр үгээр хэрэглэдэг үү?

Энэ хоёр үг үхэр, тэрэг хоёр шиг ялгаатай ухагдахуунууд. Хэрвээ үхэр байхгүй тэрэг байна гэвэл тэрэг юу ч хийхгүй ба хазгай газар байсан гэвэл нам талруу л өнхөрнө, үүнтэй адилаар эрдэмгүй мэдлэг хаашаа ч явж магадгүй, илүү амар замруу л явна. Тэрэг үхэргүйгээр ачаа зөөж ажил хийдэггүй шиг, мэдлэг эрдэмгүйгээр сайныг хийдэггүй. Харин хүн ажил хийхийн тулд үхэр, тэрэг хоёрыг хэрэглэдэг. Үүнтэй адил хүн байхын тулд эрдэм, мэдлэг хоёрыг ч хүн сурдаг.

Мэдлэг нь хүн төрөлхтөний мэдсэн сайэнсын (science) болон сайэнсын бус бүх мэдлэг. Мөн бидний мэдэхгүй мэдлэг ч их бий. Мэдлэгийг хүн сураад одоо би мэдчихлээ гэж хэлнэ. Харин эрдэм бол хүний моралын, сайны характер, мөн тааруулж ухамсартай үйлдэх чадвар. Хувь хүний эрдэм маш олон төрөл, гэхдээ бүгд хайран дээр суурилсан. Жишээлбэл: зүйтэй байх, тааруулах, цэцэн байх, хатуужилтай байх, зоригтой байх, хашир байх, хянуур байх, даруу байх гэх мэт. Зоригтой байх гэхээр бидний мэдэх зоригтой байх биш зоригтой, хулчгар хоёрын дундах тухайн нөхцөл байдалд тааруулж чадах чанар. Харин тухайн хүн эрдэмээ хэрэглэхдээ тухайн нийгмийнхээ үнэтүүдэд тааруулан хэрэглэнэ.

Эрдэмийг тодорхойлж ангилсан олон тодорхойлолтууд, ангилалууд байх ба тэдгээр нь нийгмээ даган өөрчлөгдөх мэт тусавч ерөнхий эрдэмүүд өөрчлөгддөггүй. Учир нь хүмүүс хамтран амьдарч эхэлсэнээс л эрдэм үүссэн, одоо ч хүмүүс хамтран амьдарч байгаа. Тиймээс суурь эрдэмүүд хэвээр.

Хүн мэдлэгийг сураад эрдэмгүйгээр хэрэглэвэл муу зүйлд ашиглана. Жишээ нь анх атомын бөмбөгийг бүтээсэн Теллер, Улма нар мэдлэгтэй л хүмүүс байсан ба сайэнсын мэдлэгээ л ашиглаж атомын бөмбөг бүтээсэн. Тэд бөмбөгийн загвар, модел хэр их аюул тарьж болохыг тооцоогүй, мөн нэгэн аюултай зэвсэг ч юм уу, бактери ч юм уу бүтээгээд түүнийгээ ашиглан дэлхийг захирах гэж оролдож буй мэдлэгтэй хүмүүсийн тухай олон кино байдаг. Анх мэдлэгийг мэдэхдээ сайн, жаргалтай амьдралын төлөө л мэдсэн.

Үйлдвэржилтийн нийгмийн өмнө Фрэнсис Бэконы хэлсэн “Мэдлэг бол тэнхээ” хэмээх үг тэр үед биелэлээ олсон ба харин одоо бол үгүй. Учир нь тухайн үед сайэнсын мэдлэг дөнгөж хөгжиж эхэлж байсан ба бүх хүн сайэнсыг бүхнийг чадна, бүхнийг бүтээж, бидний бүх хэрэгцээг ханган бидэнд жаргал авчирна хэмээн итгэж дээрхи үгийг уриагаа болгон сайэнсыг маш хурдтай хөгжүүлсэн. Өнөөгийн нийгэмд “Мэдлэг ба эрдэм бол тэнхээ” болжээ. Яагаад гэвэл хүн төрөлхтөн сайэнс бүхнийг чадахгүй, хүн төрөлхтөний мэдэх хэрэггүй, аюултай мэдлэг ч бий, бас хэрэглэх ёсгүй муу мэдлэг ч бий, сайэнсыг харин сайн зүйлийн төлөө ашиглах ёстой, тиймээс эрдэмээр, этикээр чиглүүлэх ёстой гэдгийг нэгэнт ойлгожээ.

Монголын хувьд бид эрдэмтэн, мэдлэгтэн хоёроо ялгаж мэдэхгүй. Бид эрдэм гэдэг ухагдахууны тодорхойлолтыг сонсолгүй насанд хүрдэг. Тэгээд хэн нэгэн тэр эрдэмтэн, доктор гэвэл аан гээд л эрдэмтэн гэж хэн билээ гэж асуулгүйгээр хүлээж авдаг. Бидний ярьдаг эрдэмийн цол мэдлэгийн л цол баймаар, яагаад гэвэл мэдсэн мэдлэгээр нь цол өгдөг. Эрдэмийг зэрэглэх боломжгүй, хэмжих ч боломжгүй, гэхдээ эрдэмийн оргил гэж бий, тухайн хүний тэр оргилд хүрсэн үгүйг нь үйлдсэн үйлдэлүүд, амьдарсан амьдралыг нь харан таних боломжтой. Мөн зүйтэй байхын нэгдүгээр зэрэг тавдугаар зэрэг, хатуужилтай байхын баклавр зэрэг магистр зэрэг, зоригтой байхын доктор зэрэг, тааруулах чадварын академич зэрэг гэж үгүй болохоор эрдэмийн зэрэг гэж үгүй. Харин эрдэмийг хүн хүүхэд байхаасаа эхлэн хүмүүжсэн хүмүүжил, сурсан мэдлэг, амьдарсан туршлагаасаа насан туршдаа суралцдаг.

Манай боловсролын систем эрдэмийг орхин дан мэдлэг заадаг. Мөн мэдлэгээ заахдаа худал, буруу мэдлэгийг дутуухан заачихдаг, бас амьдралд чухал хэрэггүй мэдлэгээр хүүхдийг шахаад байх шиг. Хэрвээ хүн байхад хэд хэдэн тулгуур хэрэгтэй гэвэл хүнийг хоёр мэдлэгийн хөлтэй, хоёр эрдэмийн хөлтэй сандалтай зүйрлэж болмоор. Тэгвэл тэр сандалын эрдэм гэх хоёр тулгуур нь байхгүй мөн мэдлэг гэх хоёр тулгуур нь богинохон, тахир гэвэл тэр сандал тэнцвэрээ олж, сандал байж чадахгүй шиг хүн ч ертөнцөд тэнцвэрээ олохгүй, мөн хүн байж чадахгүй, цаашилбал хажуугийнхаа хүмүүсийг тэнцэвэрээ олоход саад болно.

Хэн нэгэн залуу зарим эрдэмтэй гэвэл түүний өссөн орчин, эцэг эх, азаар учирсан багш нартай нь л холбоотой. Харин тэр залуу эрдэмийг мэдэхгүй учраас эрдэмээ танихгүй, тиймээс бүрэн хэрэглэж чадахгүй. Тэгэхээр нэгхэн ухагдахууныг буруу хэрэглэж, орхигдуулсанаас хүн байхын хамгийн чухал нэгэн тулгуурыг гээчихжээ.

Өмнө бидэнд эрдэм гэдэг ухагдахуун байсан ба сүүлд социализмын үед кирилл бичигрүү шилжихдээ Оросоос ирэн ажиллаж байсан олон мэдлэгтэнүүдийг бид эрдэмтэн гэж нэрлэн эрдэмийг мэдлэгтэй холин ухагдахууныхаа утгыг гээсэн байх талтай байна. Цаашдаа бид эрдэм гэх ухагдахууныхаа утгыг тодруулан, нийгмийнхээ иргэний суралцвал зохих эрдэмүүдийг тодорхой болгох хэрэгтэй. Тэгвэл бидний дараагийн үе эрдэм гэдгийг суралцан жинхэнэ эрдэмтэй мэдлэгтэнүүд төрөн сайныг бүтээн олон хүнийг жаргалтай амьдруулж чадна. Бидэнд зарим эрдэмүүд бий, гэхдээ бид эрдэм гэдэг ухагдахууныхаа утгыг мэдэхгүй учир эрдэмээ танихгүй байна, тиймээс бүрэн эрдэмээ хэрэглэж чадахгүй байна. Эрдэмээ сэргээхгүй бол эрдэмгүй мэдлэгтэнүүд маань худал, буруу, муу, дутуухан мэдлэгээ хэрэглэн бусдыгаа ил, далд дээрэмдэн, алж, гэмтээсээр л…

 

Эх сурвалж: tulhuur.com

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: