Home > Зөвлөмж > Гэрийн нөхцөлд хийж болох рашаан, усан заслын эмчилгээ

Гэрийн нөхцөлд хийж болох рашаан, усан заслын эмчилгээ

Уламжлалт анагаах ухаанд ус ямар ач тустай вэ?

Усанд орох үед ус нь хүний биед даралт үзүүлж, хэвлий цээжийг дарж, өрцийг дээшлүүлснээр амьсгалыг түргэсгэдэг. Мөн цусны эргэлт сайжруулдгаараа ач холбогдолтой. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг хүйтэн, халуун гэж хоёр ангилдаг. Манай орны цаг уур хуурай, сэрүүн учир хүйтэн өвчин илүү зонхилдог. Хүйтэн өвчнийг анагаахын тулд төөнүүр, халуун жин, халуун рашаан зэргийг өргөн ашигласаар ирсэн. Харин усны сэрүүн чанар хүйтэн өвчинд тохирохгүй тул халааж хэрэглэдэг. Ус хамгийн сайн уусгагч учраас цэцэг, ургамал болон төрөл бүрийн эрдэс бодисыг усанд хандлан эмчилгээнд хэрэглэдэг.

Дэвтээх засал буюу усан рашаан гэж юу вэ?

Дэвтээх засал буюу усан рашаан нь их эртний гарал үүсэлтэй. Өвчин эмгэгтэй хүн малын сэвсээр биеэ бигнэж, арьсаар нь битүү ороож өвчнөө анагаах уламжлал нь энэхүү засалд хамаардаг. Мөн байгалийн рашаан ус, эмийн ургамал, цэцгийн хандыг ашиглан гэрийн нөхцөлд рашаан бэлтгэж өвчин эмгэгээ анагаах боломжтой. Монголын уламжлалт анагаах ухаанд маш олон усан засал буюу дэвтээх засал байдаг. Үүнээс таван тансаг рашаан, шилмүүст рашаан, шимт рашаан, барагшууны рашааны талаархи мэдээллийг танд хүргэе. Эдгээр рашааныг Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан Техник Үйлдвэрлэлийн Корпорацийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэж, корпорацийнхаа эмийн сангуудаар худалдаалдаг аж. Эдгээр ханд нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, амьсгал, зүрх судас, элэг бөөрний хурц дутагдалтай, арьсны идээт өвчинтэй, цусны даралттай, ургамлын харшилтай хүмүүст тохиромжгүй юм.

Гэрийн нөхцөлд рашаанаар өөрийгөө хэрхэн анагаах вэ?

Рашааныг энгийн үед гоо сайхны зориулалттай ванны хөөс, давс зэргийн оронд хэрэглэж болдог. Рашааныг байгалийн цэвэр түүхий эдээс гаргаж авдаг учраас хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг, стресст өртөмтгий хүмүүст маш сайхан амралт болж өгөх төдийгүй хаврын цагт ядаргаанд орсон үедээ хэрэглэхэд өндөр үр дүнтэй уламжлалт арга юм. 36-39 температурын халуунтай 50-60 литр ваннтай усанд 50-60 грамм ханд хийж эмчилгээний рашааныг найруулаад 10-20 минут сууна. Ингэхдээ зүрхнээс дээшхи хэсгийг усанд дүрж болохгүй. Биеийн байдлаа харж байгаад өдөрт нэг удаа, эсвэл өнжөөд нэг ороорой. Нийт 7-10 удаа рашаанд орвол нэг курс эмчилгээ болдог. Рашаанаар эмчилгээ хийсний дараа хэсэг хугацаанд хэвтэж амрах хэрэгтэй. Өөр ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа бол рашаанд орсноос хойш хоёр цагаар хойшлуулаарай. Мөн рашаанд орсны дараа хүйтэн ус уух, хүйтэн газар суух, салхинд гарах, гэртээ хөл, толгой нүцгэн явж даарч болохгүй. Бас шингэц муутай хоол хүнс идэхгүй байх хэрэгтэй. Рашаанд орохын өмнө цусны даралтаа хэмжих, усаа хэт их халаахгүй байх зэргээр болзошгүй хүндрэлээс сэргийлэх нь чухал. Халгай, шилмүүсний рашааныг найруулахад хамгийн хялбар байдаг тул гэрийн нөхцөлд эдгээр рашаанд орох нь илүү тохиромжтой.

Халгайн рашаан: Халгай нь хар ногоон өнгөтэй, өвөрмөц үнэртэй, гашуун амттай, бүлээн чанартай, бага зэрэг хортой ургамал юм. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн халгайн рашаан хэдийгээр байдаг ч өөрийнхөө гараар энэхүү хандыг бэлтгэх боломж өргөн бий. Эхлээд хээр /цэвэрхэн газар/ шинээр ургасан халгайг түүж авна. Халгай гар хөлийг тань түлэх аюултай учир бээлий өмсөөд, хайчилж авахаа мартуузай. 100 грамм халгайг нэг литр усанд хийж, 10 хувийн уусмал болгон буцалгаж хандлаад ваннтай усанд хийж найруулна. Халгайн рашаан нь мэдрэлийг цочроож, цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Мөн шар усны өвчнийг хатаах, яр шарх, хаванг арилгах, могойнд хатгуулсан үед, төрсний дараа таталдах, хүүхдийн тахал, бам өвчин зэргийг анагаах увидастай.

Шилмүүст рашаан: Шилмүүс нь ногоон өнгөтэй анхилам сайхан үнэртэй ургамал юм. 50 грамм шилмүүсийг нэг литр усанд буцалган хандыг бэлтгээд 50-60 литр ваннтай усанд найруулна. Энэ рашаанд орсоноор арьсан дахь мэдрэлийн судлын цэгэнд цочрол үүсч, бүх эрхтэн систем, бие махбодийн үйл ажиллагааг нөхөн сэргээж сайжруулах үйлчилгээтэй. Мөн артерийн даралт ихдэх, бөөр, давсагны өвчин, мэдрэлийн ядаргаа /невроз/, нойргүйдэл зэрэг өвчин туссан үед шилмүүсний рашаанаар курс эмчилгээ хийгээрэй.

Таван тансаг рашаан: Энэ рашааныг манай орны тал хээр, говь хангайд тархан ургасан сургар, өргөст арц, балган мод, зээргэнэ, агь зэрэг олон наст таван ургамлаар хийдэг. Таван тансаг рашаан нь төв мэдрэлийн системийг тайвшруулж, хөлрөх, шээлгэх зэрэг үйлчилгээ үзүүлж, артерийн даралтыг бага зэрэг бууруулдаг. Тус рашааны халуун чанар болон биед хэрэгтэй эмчилгээний бодис нь биед шимэгдэж, цусны гүйдлийг нэмэгдүүлэх, хордлого тайлах, идсэн хоолыг гүйцэд зөв боловсруулах, зүс царайг өнгөлөг болгох, тайвшруулах, хөшиж татсаныг тавиулах зэрэг олон талын ач тустай.

Барагшууны рашаан: Барагшуун нь Монгол орны хангай хээрийн бүсэд элбэг ургадаг ургамал юм. Тус ургамлаар эмийн үйлдвэрт ханд бэлтгэдэг. Энэ рашаан нь залуужуулах, нас уртасгах, тамир тэнхээ сайжруулах үйлчилгээтэй бөгөөд маш олон төрлийн био идэвхт бодисууд, макро микро элементийн нэгдэл, амин хүчил агуулдаг учир бие организмыг нөхөн төлжүүлж, шим тэжээл өгч, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Мөн мэдрэлийн ядаргаанд орж нойр муудсан, бие махбодь суларсан, шар усны эмгэгтэй үед тус рашаанд орвол маш сайн үр дүнтэй байх болно.

Шимт рашаан Шимт рашааны хандыг сормаранз, талгадорж, бойгор гэдэг гурван ургамлаар бэлтгэдэг. Эдгээр ургамал Монголд ургадаггүй учир гадаадаас түүхий эд болгон оруулж ирэн, эмийн үйлдвэрт хандыг бэлтгэдэг. Энэ рашаанд орсноор шар усыг анагаах бөгөөд үе мөчний өвчин, арьсны эмгэг зэргийг эмчлэх үйлчилгээтэй.

Эх сурвалж: П.Шүр-Эрдэнэ

 

*******************************************************************************************

 


Categories: Зөвлөмж
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: