Home > Нийтлэл > Цагаан сараар баярлахын утга

Цагаан сараар баярлахын утга

Монголоос гардаггүй “эх оронч мөнгө”

Жил жилийн цагаан сараар хэдний өдөр золгох вэ гэдэг дээр зурхайч гэгддэг хэдэн улс монголчуудыг талцуулан хувааж хэрэлдүүлдэг болсоор нэлээд хэдэн оныг үдэв. За яахав, энэ маргаан мэтгэлцээн нь үгээ чөлөөтэй хэлдэг болсон нийгэмд байх л ёстой зүйл гэж бодъё. Энэ жил ашгүй зурхайчдын хэрүүл багатай шиг цагаан сарыг угтах нь ээ гэж байтал 14, 15 хоёрын алинд шинэлэх вэ гээд бас нэг “хэрүүлийн алим” ургадаг байгаа. Гэхдээ төр засгаас үүнийг нь шийдэж өгч байгаа нь их мэдэж цэцэрхэгчдийн бие биеэ давах гэсэн муу үгсийн бараан энергиэс монголчуудыг бага ч атугай ангижруулж өгч байгаа нь баярлууштай.

 

Цагаан cap дөхөөд ирэхээр “Cap шинийн баяр тэмдэглэдгээс болж ард түмэн ядуурч байна, хар cap боллоо” гэх мэтээр өөлж гоочлох ёстой юм шиг ойлголт Монголд ихээхэн газар авчээ. Ядуурал гэдэг Монголд байгаа юу гэвэл байгаа нь үнэн. Гэхдээ цагаан сараас болж ядуучуудын тоо өсөөд байдаг гэвэл худлаа билээ. Гэрээ зараад цагаан cap хийчихье, тэгээд дараа нь траншейнд оръё гэдэг монгол хүн хаа ч байхгүй.

Цагаан cap гэдэг энэ баярыг ганцхан монголчууд тэмдэглээд байдаг юм биш. Христийн шашинтай орнуудын зул сарын баяр ч гэсэн Азийн орнуудын цагаан сартай агуулга адил баяр. Азийн улсууд жилийн жилд манайтай л адил цагаан сарын баярыг тэмдэглэдэг. Аль ч баяраа тэмдэглэхдээ манайхан шиг дандаа бараан өнцгөөс нь харж бухимдаад байдаггүй нь тэр улс орнуудын онцлог. Улс орнууд баярыг гэгээтэй сайн талаас нь харж, тэр хэрээрээ сайн сайхан тэмдэглэж байна.

Дэлгүүр хоршоо нь хямдрал зарлахаас эхлээд хүмүүсийн бүтэн жил цуглуулсан мөнгийг жинхэнэ утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байна. Хятадууд л гэхэд сая болж өнгөрсөн цагаан сараараа үүрэн холбооны компаниуд нь тэрбум мессеж дамжуулснаа зарлаж байна билээ. Үүний цаана үүрэн холбооны компаниудын олсон орлого ашгийн нэгээхэн хэсэг явж байгаа.

Цагаан сарын өмнөхөн Бээжингийн дэлгүүр, зах хүний хөлд дарагдаж, хятадууд баяртаа зориулан заавал шинэ хувцас худалдаж авч байгаа талаархи мэдээлэл Хятадын телевизүүдийн гол мэдээ байна. Шинэ жилээр шинэ хувцас худалдаж авч байгааг харуулаад байгаагийн цаана бас л эдийн засгийн утга агуулга байгаа. Яг үүнтэй адилаар яагаад цагаан сарыг гэгээтэй талаас нь харж болохгүй гэж.

Жилийн жилд айл болгон ууц тавилаа, баахан хонь алж идлээ гээд л байдаг. Эцсийн дүндээ бэлчээртээ багтахгүй байгаа тэр малыг чинь нэг удаа идэж, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй өөр яах юм бэ. Цагаан сараар хэдэн хонь ууц болгож зарах гэж малчид эртнээс бэлддэг. Малчдын гараас хэрэглэгчдэд шууд хүрэх боломж байхгүй болохоор замдаа ченжүүд гэдэг хэсэг бүлэг хүний халаасыг зузаалсаар танай, манай гэрийн ширээн дээр ирж байгаа. Хөөрхий ууц бас “Ууц чанах” гэдэг түр ажлын байраар хэсэг хүнийг хангадаг гэдгийг мартах шахаж.

Цагаан сараар хүнсний хэдэн үйлдвэрт овоохон орлого ордог сезон. Талх үйлдвэрлэдэг шугамаа хаагаад хэвийн боов хийж байна гэж нарийн боовны нэгэн үйлдвэрт ажилладаг эрхэм хэлж байна. Баяр найрын ширээг идээний дээж архигүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс архи дарс үйлдвэрлэгчид ил далдаар өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчилж байна. Цагаан сараар хэр их архи борлуулж, ямар орлого олсноо компаниуд нь ямар ил гаргаж хэлэх биш.

Ер нь манай үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид ганц цагаан cap ч гэлтгүй ямар нэгэн баяраар эдийн засгийн хувьд хэр ашигтай ажилладаг талаар ил тод мэдээлэл байдаггүй билээ.
Бас Цагаан сарын ууцанд зарцуулж байгаа мөнгө гэдэг Монголоос гараад явчихдаггүйг хэлэх хэрэгтэй. Шинэ жилээр буудуулдаг оргилуун дарс нь гадаадынх, түүнд зарцуулж байгаа мөнгө ч ялгаагүй харийн үйлдвэрлэгчид рүү л урсдаг биз дээ. Тэгвэл яагаад ганц цагаан сараар үндэсний үйлдвэрлэгчид хөлжиж, хөдөөгийн малчид мах, сүү, цагаан идээгээ зарж мөнгөтэй болж болохгүй билээ.

Ураг садангаараа жилдээ хэд уулздаг билээ дээ

Цагаан сарыг эрт үедээ намар тэмдэглэдэг байсан гэдэг. Харин Чингис хаан болоод түүнийг залгамжлагчдын үеэс нүүдэлчин ахуй амьдралдаа тохируулж, хаврын эхэн сарын баяр болгон тэмдэглэдэг болсон гэдэг. Тэгээд шашин талаасаа биш, төр ёсны ураг садны баяр болгон тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Нэг хэсэгтээ малчны тодотголтой болж тэмдэглэхээ больж хавчин гадуурхагдаж байсан энэ баярыг ураг төрлөөрөө жилдээ нэг удаа уулзан золгох баяр талаас нь харъя.

Уншигч та хамаатан садангуудтайгаа хамгийн сүүлд бөөнөөрөө хэзээ уулзсанаа нэг эргээд бодоорой. “Классик жем” хамтлагийн дуулдаг шиг “дэндүү завгүй, дэндүү албан ёсны, дэндүү хүйтэн хөндий” гээд юм юманд хавчигдсан энэ нийгэмд бид ураг садангуудтайгаа цагаан сараар нэг уулздаг. Бусад үед уулзлаа гэхэд энэ хорвоогоос халин одсон хэн нэгнийгээ сүүлчийн замд нь үдэх гэж л цугладаг гээд хэлчихэд нэг их хатуудахгүй. Цагаан сараар ураг саднаараа цуглаж, үр хүүхдийнхээ өсч том болж, өрх өсгөж сум сунгаж байгаагаар нь бахархан суух сайхан биш гэж үү.

Та бид өдөр болгон хүнд бэлэг өгдөг бил үү

Цагаан сарын бэлэгний дарамтын тухай жил болгон ярьдаг. Эрээний хог өглөө гэж шүүмжилдэг. Түүх хийгээд уламжлалаа эргэж харах юм бол цагаан сараар хүүхдийг баярлуулдаг байж. Одоогийнх шиг эрээн мяраан элдэв бэлэг сэлт ховор байсан болохоор хүүхдийн боов гэж тусдаа хийгээд түүнийгээ бэлэглэдэг байсан талаар ахмадууд хуучилдаг.

Бас нас өндөр болж байгаа, жил нь орж буй хүмүүстээ тусгайлан бэлэг бэлддэг байсан тухай ч судлаачид хэлдэг юм. Энэ бүхнээс улбаатай бэлэг хавтгайрсан нь үнэн. Гэхдээ та бид жилдээ хэн нэгэндээ хэдэн удаа бэлэг өгдөг билээ. Яагаад ганц тохиож байгаа цагаан сараар ойр дотны хүмүүсээ баярлуулаад бэлэг өгч болохгүй гэж. Ах дүүсээрээ нийлээд хэн нэгэндээ хэрэгтэй, томоохон эд зүйлийг нь авч өгдөг болсон, томоохон ресторанд бөөнөөрөө цуглаад хүүхдүүд нь томчууддаа зориулж урлагийн хөтөлбөр бэлддэг болсон, тодорхой цагт бөөнөөрөө цуглан ахмадууддаа золгоод хүүхдүүддээ бэлгээ өгдөг гэх мэтчилэн орчин үеийн, соёлтой хэлбэрт оруулж байгаа сайн сайхан юм зөндөө бий.

Тэр бүхний тухай дуугардаггүй атлаа “Цагаан сарын өдөр бууз хулгайлж байгаад баригдав” гэх мэтчилэн бэлэг дэмбэрэлгүй бараан мэдээг гол сэдвээ болгодог нь хэтэрхий өрөөсгөл бус уу.

Цагаан сартайгаа үлдье

Хоёрдугаар сарын 14-нийг гэгээн Валентиний өдөр хэмээн тэмдэглэдэг боллоо. Арваад жилийн өмнө бол энэ баярын тухай мэддэг монгол хүн цөөхөн байлаа. Угтаа бол Валентин нэртэй нэг ламын л үхсэн өдөр юм билээ. Харин өнөөдөр энэ баярыг үүсэн гарсан улсаас нь дутахгүйгээр монголчууд тэмдэглэдэг, наадам, цагаан cap хоёроос маань дутахгүй нутагшиж байгааг бид бэлхнээ харж байна. Арваннэгдүгээр сард талархлын баяр гээд америкуудын тэмдэглэдэг баяр бас л монголчуудын баяр болж зхлээд байгаа.
Хүмүүс Цагаан сарын баярт дургүйдээ биш, харин зурхайч нэртэй их мэдэгчдийн цэцэрхэл хэрүүлээс залхаад л тэр шүү дээ. Бэл бэнчинтэйхэн нэг нь цагаан сараас зугтаагаад гадаад яваад өгдөг болсон. Бас цагаан cap шиг уйтгартай баяр байхгүй гэсэн залуус уушийн газарт тухлах нь нэмэгдэж байна.

Ямар хуанлигаар шинэлэх вэ гэж маргасаар байгаад өнгөрсөн жил монголчуудын маань нэг хэсэг хятадуудтай нэг өдөр шинэлсэн. Цагаан cap нь монголчуудын төрт ёсны их баяр. Тиймээс төр нь энэ талаар тодорхой шийдвэр гаргаад баталгаажуулаад өгчихвөл яасан юм бэ. Жилийн жилд маргаж хэрэлдэж, нэг хэсэг хүнийг янз бүрийн календарь хэвлэж бизнесээрээ өрсөлддөг, дунд нь монголчууд өөрсдөө үндэсний баяраасаа залхах хандлага ажиглагдаж байна. “Жилийн жилд л хэзээ шинэлэх вэ гэж маргах юм” хэмээн дургүйхэн дуугарч, зурагтын сувгаа сольж байгаа хүн таны, миний эргэн тойронд олон байна.

Монголчуудыг цагаан сараа хэрүүлээр угтаж, бэлэгтүй үгс хэлэлцэж, ад үзэж байх зуур цаагуур чинь хятадууд “Хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэн гэдэг баяр манайх ваа” гээд сууж байхыг үгүй гэх газаргүй. Монголын түүх соёлын өвүүд байтугай Чингис хааныг маань манайх гэж үргэлж булаацалддаг хятадууд хөөмийг өөрсдийнхөө нэр дээр дэлхийн өвд бүртгүүлсэн.

Түүнээс өмнө Тэсэр”, “Жангар” бас хятадынх болсон. Одоо “дэлхийд ганцхан” гэж бидний бардамнадаг дээлийг маань булаацалдаж эхэлсэн төдийгүй, уул овоо тахих зэрэг зан үйлүүдийг ч мөн л хятад тамгатай болгох гэж оролдож байгаа. Уртын дуу, морин хуурыг дотор газрынх болгочихоогүй, дэлхийн өвд Монголынх гэж данслуулж аваагүй бол өдийд хан үндэстнийх болчихсон байх магадлалтай байсан билээ.

Дэлхий даяаршиж байгаа нь үнэн хэдий ч үүнийг дагаад Монголын гэсэн юм бүхэн хятаджиж болохгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм шиг Монголын гэсэн онцлогтой өв соёлоо өмнөд хөрш рүүгээ алдаад байвал Цагаан хэрэмнээс нааш хятад шаахайн мөр гаргахгүй гэж тэмцэж явсан эцэг дээдсийн маань гэгээн сүнс бидэнд гомдох буй за.

Өнөөдөр монголчуудын эрийн гурван наадмын өдөр гээд харь оронд бидний өмнөөс баяр тэмдэглэдэг гадаад хүн байдаг бил үү. Үгүй шүү дээ. Тийм байтал яагаад монголчууд Цагаан сарын баяраа ад үзнэ вэ. Ад үзэхийн оронд арай өөр өнцгөөс, арай гэгээтэй талаас нь, дахин давтагдашгүй зөвхөн бидний баяр гэдэг талаас нь харж тэмдэглэе, бас авч үлдэе, үр хойчдоо ч бас уламжлан үлдээе.

Эх сурвалж: Д.Баярбилэг

Categories: Нийтлэл
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: