Home > Нийтлэл > Америк оюутанд бууз заасан минь буюу Монгол хүний хэмжүүр биедээ явдаг

Америк оюутанд бууз заасан минь буюу Монгол хүний хэмжүүр биедээ явдаг

Тээр жил эхнэр бид хоёр нэг Америк оюутандаа бууз хийхийг зааж өгч билээ. Гэртээ нэг уриад идүүлчихсэн чинь амтанд нь орчхоод өөрөө хийж суръя гээд шалаад байсан юм. Харин буузыг заах явц нь одоо санахад тун сонирхолтой байсан тул хэрэг болгон цааснаа буулгахаар шийдэв. 

Махаа татаж эхлэхээс л бүх юм эхэлсэн юм. Мань хүүхэн “Хорин ширхэг бууз хийе гэвэл хэдэн паунд мах хэрэгтэй вэ?” гэж асууж байна. “Энэ бараг болно оо” гээд л нэг хавтгай мах татаж эхлэв. Оюутан маань харин ямар нэг юм тэмдэглэх аж. Дараа нь эхнэр маань “Давс, перцээр амтлахдаа нэг иймэрхүү атгаар байхад болно” хэмээн нэг үзүүлээд цацаж орхитол өнөөх чинь гайхаж байна жигтэйхэн. Граммын заалт бүхий халбагаар хэмжих байж л дээ. Хэдэн tablespoon (халбага хэмээх эдний хэмжээс, 1 халбага нь 14 грамм) байсан бэ? гэхээр нь “Мэдэхгүй ээ” л гэлээ. Үнэхээр хэдэн грамм байсныг нь мэдэхгүй л юм чинь. Толгой сэгсрэн, дотроо бол “Амт нь юу л болсон бол доо” хэмээн эргэлзэж байгаа нь илт. Дараа нь гурил зуурах болсон чинь бас л нарийн тааруулах гээд болдоггүй. Насаараа ганцаараа амьдарсан хүн болохоор хамаг юм нь яв цав, илүү дутуу гаргадаггүй бололтой юм. Эхнэр маань аанай л “нэг иймэрхүү байхад болно оо” гээд баримжаагаар хийж орхитол “Тэгээд мах гурил нь зөрчихвөл яах юм бэ?” хэмээн үнэнээсээ санаа зовон асууж байна. Сэтгэлийг нь засах санаатай “Мах нь илүү гарвал хоол сайтай, гурил нь илүү гарвал хувцас сайтай болно” гэсэн, бүр дордуулчих шиг болов. Мань хүн дотроо “Хувцас сайтай болъё гэвэл Macy’s , хоол сайтай болъё гэвэл Shoppers орсон нь дээр байлгүй” хэмээн бодож байсан болов уу? “Үгүй хөө, Амны бэлгээс ашдын бэлгэ” гэвэл өөдөөс “Тэрний оронд төлөвлөгөө, цагийн хувиараа нарийн гаргах нь дээр” гэх байсан байх даа.

Хамгийн чухал нь юу байсан хэмээвээс буузаа хийж дуусахад гурил мах бараг таараад, дээр нь граммаар хэмжээгүй давс, перецний амт гэж тансаг, нөгөөх маань “Wow” гэхээс өөр хэлэх үггүй болов. Манай Монголчуудын ажлын үр дүн нь эцэстээ ингэж яв цав гардаг, яг л ХЭЛ шигээ ард түмэн шүү дээ.
Яагаад ХЭЛтэйгээ зүйрлэнэ вэ гэж үү?
Та бидний Монгол хэлний өгүүлбэрийн хамгийн чухал үг болох үйл үг нь хамгийн сүүлдээ байдаг шүү дээ. “Би… маргааш…орой… гэртээ… Доржийг…” гэхчлэн ярихаар зарим гадаад хүн яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хэмээн бүр унтууцдаг гэж байгаа. Чухам яах нь харин хамгийн эцэстээ пал хийтэл гарна даа. Яг л тэрэнтэй адил, Монголчууд бидний хийгээд байгаа үйлдэл энэ барууныхны сэтгэлгээгээр бол их хачин мэт харагдаж болох ч эцсийн үр дүн нь л бидэнд чухал.
Энэ тухай нэрт судлаач, аялагч В. Радлов сонин зүйл бичсэн байдаг. Тэрбээр Төв Азиар судалгааны аяллаар явахдаа нутгийн нэгэн түрэг эрийг газарчаар хөлсөлжээ. Ингээд холын аянд мордохын өмнөх өдөр ачаа саваа баглаж бэлдээд унтахаар хэвтэцгээж гэнэ. Ганцхан Радлов юм бичин сэрүүн vлдсэн байна. Шөнө бороо орж майхны дээвэрт ус хуралдаж эхлэв. Майхан доош пүмбийсээр газарчийн толгой тушаа дусаал дусч эхэлжээ. Мань эр толгойгоо жаахан гилжийлгээд л унтаад байна гэнэ. Удалгvй дусаал дахиад толгойд нь хүрэхэд нөгөө тийшээгээ гилжийгээд л унтаад байх юм гэнэ. Босоод хуралдсан усыг асгачихаад тайван унтахаа ч мэдэхгvй дэмий хvн газарчаар авж дээ гэж Радловын санаа их зовжээ. Ингээд маргааш нь аяндаа мордоцгоов. Газарч эр хамгийн тvрvvнд морин дээрээ, судлаачид маань тэргэн дотор тухтайхан явцгааж. Бороо орж эхэллээ, яваад л байж, бороо нь цас болов, газарч мориноосоо буух ч шинж алга гэнэ. Бvрий болов, бvр шөнө болов, яваад л байж. Ийн зогсолтгvй явсаар яг товлосон хугацаанд нь хvссэн газар нь хvргэж өгөөд газарч буцжээ. Радлов “Энэ Төв Азийнхан гэдэг унтахаараа сэрэхээ мэддэггvй, сэрэхээрээ нойр гэж мэдэхгvй, бvх ажлынх нь vр дvн хамгийн эцэстээ яв цав гардаг, яг л хэл шигээ ард түмэн юм даа” хэмээн шагшин бодсон гэдэг.
Нөгөө талаас нь авч үзвэл огт хэмжилгүйгээр амтат сайхан бууз хийсэн түүх “Монгол хүний хэмжээс биедээ явдаг” гэсэн үгийг батлах мэт. Хэзээнээсээ нааш нүүдэлчин амьдралтай Монголчууд бидэнд гурил, мах хэмжих элдэв сав суулга үүрч дүүрээд ийш тийш нүүгээд байх боломж байсангүй. Юун тийм хэмжүүр аваад нүүх байтугай өтөл настай, өөрөө явж чадахгүй болсон нэгнээ… (За энэ тухай дараа л ярьж өгье)
Нэгэнт тийм нарийн хэмжүүргүй улс өөрийн бие гарыг ашиглан, баримжаагаа маш сайн хөгжүүлэн хэмждэг байж. Гар хуруугаараа л гэхэд ямх, хуруу (нэг, хоёр, гурав, дөрвөн хуруу), сөөм, мухар сөөм, төө, тохой, мухар тохой, үзүүр тохой, дэлэм, алд гэх мэтээр хэмжинэ. Хүн хүний гар хуруу урт богино шүү дээ хэмээн эталон гээчийг шүтэх залуу оюутнууд маргаж болох л доо. Гэвч хэчнээн хүн хүний бие эрхтэн өөр өөр болов чиг нэг хүний эрхтнүүд хоорондоо пропорцоороо таардгийг манайхан нарийн мэддэг байж. Жишээ нь дээл хийлгэж өмсөх хүнд бол өөрийнх нь долоон төө уртаараа таарах бөгөөд давхраараа нэг төө, хоёр хуруу зах мөн эзэндээ таарна (Хүн хүнээс ангид бүдүүн хүзүүтэй атлаа учиргүй нарийхан хуруутай хүн бол эрхбиш тэрийгээ мэдэж л байж таарна)
Энд нэг зүйлийг санасан дээрээ нэмэн өгүүлэхэд саяхан нэг монгол залуу надад толгойндоо хир урт оёдол тавиулснаа сонирхуулан ярихдаа эрхий хуруугаа долоовор хурууныхаа эхний үеийн нугалаас дээр тавьж үзүүлээд “өдий кирааны” хэмээн хэлж билээ. Уг нь яг тэр хэмжээг чинь “өдий кирааны” гэхээс хавьгүй илүү илэрхийлэх сайхан монгол үг байгаа нь “ямх” буюу одоогийнхоор бол 3 см-тэй дүйцэх хэмжээс юм.
Нөгөө америк хүүхэнд бууз хийхийг зааж өгснөө үргэлжлүүлэн өгүүлэхэд буузаа тавьчхаад “За одоо хорин минут” хэмээн хэлж болох байсан ч учиргүй гайхаад, толгой сэгсрээд байсан болохоор нь улам цаашлуулмаар санагдаж “Одоо хэдэн минут болох нь чухал биш. Буузны том жижиг, хөлдөөсөн хөлдөөгүй гээд олон юмнаас хамаардаг юм. Үнэрлэж мэдэх хэрэгтэй. Эхлээд нэг тийм түүхий үнэр гарна. Дараа нь сайхан болсон үнэр гарахаар нь авна” гэсэн чинь “What? Raw smell? and Well done smell?” хэмээн үнэхээр гайхаж билээ. Ер нь буузыг цаг харалгүй үнэрээр нь гаргачихдаг тохиолдол байдаг л юм. Буузыг үнэрээр гаргах юу ч биш, угаасаа манай нүүдэлчин Монголчуудад үдээс өмнө, хойш гэхээс өөр цаг байсангүй юу даа? хэмээн заримдаа бодогдох. “Монгол хүний уртын хэмжүүр биедээ явдаг”-ийг миний бие сайшаан бичсэн, харин цаг хугацааг нараар хэт баримжаалдгийг магтах арга алга. Албан газар очиход маргааш ирээрэй л гэнэ. Хэдэн цаг хэдэн минут нь байхгүй, зүгээр л маргааш. Найз нөхөдтэйгөө уулзъя гэвэл “Үдээс хойш залгана аа” гэнэ. 12 цагаас 5 цаг хүртэл тэр чигээрээ “үдээс хойш” шүү дээ. Яг л монгол ардын үлгэр дээр Боролдой хүү, Мангас хоёр тулаан хийхээр болзохдоо “Маргаашийн мандахын улаан нарнаар, Болзоотын Бор толгой дээр тулъя” гэдэг шиг. Америкийн хэл шинжээч Эдвард Сапирийн гаргасан онол бий. Тэрбээр барууны хэлнүүдэд үйл үгийн цаг заах тогтолцоо маш нарийн хөгжсөн, тэр нь ч амьдрал, сэтгэхүйд нь тусгалаа олж цагийг маш нарийн үнэлэн мэдэрдэг, харин дорнын зарим хэлэнд үйл үг нь бүр огт цаггүй байх ч тохиолдол байдаг тухай бичсэн байдаг.

Нэгэн америк оюутанд бууз хийхийг зааж байхдаа ажигласан ялгаагаа нэгтгэн өгүүлэхэд монголчууд бидний цаг хугацаа, орон зай, хүнд хөнгөний хэмжээг баримжаалан мэдрэх чадвар нүүдэлчин ахуйтай маань холбоотой, үүнд зарим нэгийг нь хадгалан авч явах ч хэрэгтэй, заримыг нь харин халан шинэчлэх ч хэрэгтэй мэт.

Жич: Мөнөөх оюутанд хожим нь гурил, давс, мах зэргийн хэмжээг нь хорин буузаар бодон  кг, граммаас  паунд, унцанд шилжүүлэн ойролцоогоор тооцоолон гаргаж өгсөн, тэр ч сайн хийж сураад биднийг гэртээ дахин урьсан, гэм нь харин  буузан дотор нь лууван, будаа тууж явж билээ.

М. Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төв)

Categories: Нийтлэл

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: