Home > Цөлжилт > Цөлжилт ойгоос эхэлдэг гэвэл та итгэх үү?

Цөлжилт ойгоос эхэлдэг гэвэл та итгэх үү?

Жилийн жилд гал түймрийн асуудал хаврын улиралтай зэрэгцээд яригдаж эхэлдэг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд Монгол-Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, хоёр улсын хил орчмын байгаль экологи, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа билээ. Монгол орны ойн бүс нийт газар нутгийн арав хүрэхгүй хувийг эзэлдэг боловч сүүлийн хэдэн жилд хэд хүртлээ буурсан болохыг хэлж мэдэхэд хэцүү. Жил ирэх тусам дулаарч буй  цаг уурын өөрчлөлт, дулааралтай холбож ярихаас илүүтэйгээр манай улс гал түймэрт ихээхэн хэмжээний ой шатаж, хортон шавьжинд нэрвэгдэж, иргэдийн хууль бус үйл ажиллагаанд өртөж байгаа ч төрийн хэрэгжүүлж буй арга хэмжээ нэг л оновчгүй хэвээр байсаар байна. Холбогдох мэргэжилтнүүд хуулийн дагуу хоёр улсын Засгийн газрын хэмжээнд хил орчмын түймэрт өртсөн ойн хохирлыг барагдуулах ёстой байдаг ч өдий хүртэл хохирол барагдуулах нь битгий хэл, хэдий хэмжээний хохирол учирсныг тогтоож чадаагүй сууж байгаа аж. Цаасан дээрх хэдэн тоог эвлүүлж хэлэх ч яг тоймтой мэдэх мэргэжлийн хүн ч алга. Ой төрийн хамгаалалтад байна гэдэг боловч жил бүрийн хортон шавьж устгах, нөхөн сэргээхэд улсаас тодорхой хэмжээний төсөв хөрөнгийн хэмжээ жил ирэх тусам багасах болсон.
Харин энэ жилийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Ойн менежментийг сайжруулах жил” болгон зарлаж, улсын төсвөөс чамгүй хэдэн төгрөгийг ойд зарцуулахаар төсөв хөрөнгийг шийдсэн. Үр дүн гарахгүй байгаа гол шалтгааныг өнөөх л “төсөв хөрөнгө хангалттай хүрэлцдэггүй” гэсэн шалтагаар халхавч хийдэг. Энэ жилийн хувьд хортон шавьжид нэрвэгдсэн нийт ойн 80 гаруй хувь буюу 300 мянган га талбайд шавьж устгал хийхэд улсаас 2.9 тэрбум төгрөгийг зарцуулах юм.  Ойгоо хортон шавьжнаас сэргийлэх, цэвэрлэх тал дээр ажил зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэтэл хичнээн тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлт, хортон шавьж устгах ажлыг хийсний маргааш өнөө түймэр гээч аюул нөмрөөд ирэхийг хэн байг гэхэв. Өчнөөн хүмүүсийн хөдөлмөр, төчнөөн хэмжээний улсын төсөв хөрөнгө талаар болохыг үгүйсгэх аргагүй.Тиймээс эхлээд дотоодын түймрээс урьдчилан сэргийлэх асуудал, мөн манай орны ойн бүс хил орчмоо дагаж байрладаг учраас хилийн түймрийн асуудлыг түргэн хугацаанд шийдэх хэрэгтэй байгааг төр, засгийн удирдлагууд анхааралдаа аваасай.
Саяхан Ойн газар, БОАЖЯ хамтран “Монгол-Оросын хил дагуух бүс нутгийг түймрээс хамгаалах асуудал” сэдэвт уулзалт ярилцлагыг өнгөрсөн сарын 9,10-нд Дархан-Уул аймагт зохион байгуулсан. Уулзалтад ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улс, Тувагийн бүгд найрамдах улс, Өвөр Байгалийн хязгаарын холбогдох мэргэжлийн төлөөлөгчид оролцож, хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах, мэдээлэл солилцоог сайжруулах, хохирлыг нөхөн төлүүлэх, гал унтрааахад хоёр улсын талаас оролцох хүмүүсийг түр нэвтрүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэж, санамж бичигт гарын үсэг зуржээ. Уулзалтын үеэр хил орчимд гал түймэр гарсан тохиолдолд хоёр улсын иргэдийг түр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна гэж байгаа ч үнэхээр гал түймрийн үед тухайн орон нутгийн иргэд хэлсэн хэлээгүй яах ч аргагүй нөхцөлд хил давж түймэр цохидгийг тэд мэдэхгүй л байна даа. Хууль эрх зүйн зохицуулалт хийсэн хийгээгүй нэгэнт л тухайн нутгийн иргэдэд байгалиа хамгаалах гэсэн “хармын сэтгэл” нь дийлж байгаа нь тэр. Эрх мэдэлтнүүдийн шийдэх ёстой гол асуудал нь хил орчмын түймрийг гаргуулахгүйн тулд хоёр улсын хэмжээнд хохирлын асуудлыг шийдэх, цаашид нөхөн төлбөрийг ямархуу нөхцөлөөр гаргах зэргийг талууд харилцан тохиролцох ёстой юм. Аливаа иргэн ч бай, улс орон ч бай халаасан дахь мөнгөөр нь хариуцлага тооцохоос нааш ухамсарладаггүй жишээ олон байдгийг санах нь чухал. Манай орны ганцхан суманд л гэхэд 2000-2009 оны хооронд 837 сая орчим төгрөгийн хохирол учирсан байгаа талаар тухайн сумын байгаль орчны улсын байцаагчаас авсан судалгаа байна. Хэдэн удаагийн  хил орчмын түймэрт сүүлийн 10 жилийн хохирлын хэмжээ, шийдэх асуудлын талаар асуухад “Судалж байгаа. Нарийвчилсан тоог одоогоор гаргаагүй байна” гэсэн яг ижил хариултыг өгч байсан. Хэдийд судалж дуусах юм бол. Судалсаар байтал газар нутаг маань түймрийн хөлд эргэж сэргэх чадваргүй хөрс болж, цөлжих нь. Яг энэ сэдвийг хөндөж эхлэхтэй зэрэгцээд энэ жилийн хувьд анхных нь болох хил орчмын түймэр Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутгийг түймэрдээд өнгөрлөө. Дахин хичнээн газар нутаг түймэрт өртөхийг хэлж мэдэх аргагүй. Эрдэмтэн судлаачдын гаргасан судалгаагаар цөлжилтийг ойгоос эхэлж байна гэж үзэж байгаа аж. Учир нь ой хөвч гэдэг мөнхийн цэвдэгшилтэй газар. Гэтэл ой модны нөөц багасаж, газрын гүн дэх цэвдэгшил гэсч байгаа нь гадаргын усны нөөц багасах, цөлжих үндсэн нөхцөл болж байна гэж дүгнэсэн байна. Үнэн ч байж болох талтай. Учир нь ургаа мод газрын гүнээс хөрсөнд чииг тогтоож, тэр хэмжээгээр цөлжилтийн аюулаас хамгаалагдаж байна гэсэн үг. Харин энэ жилийн хувьд Ойн газраас дотоодын гал түймрээс урьдчилан сэргийлэх ажил энэ сард орон нутгийн удирдлагуудад сургалт зохион байгуулж, ойг хамгаалахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор урамшуулалт уралдаан зарласан талаар Ойн хэрэг эрхлэх газрын дарга Н.Чулуунбаатар ярьж байлаа. Харин бид өнөөдрийнх биш ойн хэтийн бодлогоо одооноос боловсруулж ажиллахгүй бол нөхөн сэргэх хугацаа, үр дүн нь маш олон жилийн дараа харагдаж учиртай.

Сүүлийн таван жилд хийсэн судалгаагаар жил бүр 100-200 мянган га газрын мод устаж байгаа аж. Өөрөөр хэлбэл устан үгүй болж буй, нөхөн сэргээж буй хоёрын зөрүүнээс дээрх дүн гарч байгаа юм. Ой хээрийн түймрийн нөлөөгөөр зэрлэг амьтад амьдрах орчингүй болж дайжих, мал бэлчээргүй болох зэргээр улсад маш их хэмжээний хохирол учирдаг нь ойлгомжтой. Орон нутагт болон дотоодод гарсан түймрийн хохирол учруулсан этгээдийг тогтоож, хариуцлага тооцож чаддаг манай улсын төр яагаад ОХУ-аас хохиролоо тооцон авч чаддаггүй нь хачирхалтай. Энэхүү түймрийн золиос нь улсын хил залгаа орших манай орны ойн нөөцийн ихэнх хувь эзлэх ой тайга, нутгийн иргэд болж байгаа юм. Түймрийн улмаас тухайн газар нутаг ерөнхийдөө шатаж, цөлжих тал руугаа орж байгаа нь гамшгийн хэмжээнд хүрээд байгааг анхааралдаа авах хэрэгтэй бус уу.
Д.Долгор

Categories: Цөлжилт
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: