Home > Өгүүллэг > Зогсолт…(өгүүллэг)

Зогсолт…(өгүүллэг)

Чамд гомдох уу? Чамайг төрүүлсэн ээж, аавд уу? Тэднийг учруулсан тавиланд уу?
Өнчин бодол өдөржин толгой дэлсэж хариулт авахыг хүснэ. Өөрийн эрхгүй гүн эргэлзээнд хөвсөөр гадагш гарлаа. Тэнгэрт бүртийх үүлгүй, агаарт нэвчих чийггүй сайхан байна. Гэвч хариуг нь олоогүй бодлогын боол нь болж толгой гудайлгав. Цээж давчдаад сэтгэл нэг л хоосон. Амьдрал гэдэг өөрөө агуу юмаа. Ёроолгүй мэлтийх далайн дунд хүн төрөлхтнийг засаршгүй алдаанд унагачихаад, тэр чигээрээ живэх эсвэл хүч сорин сэлж аврагдах эсэхийг хэн нэгэн хоржоонтой нь аргагүй хараад байгаа ч юм шиг.

Аливаа зүйлийн утгыг тунгаан , учгийг тайлахын тулд төрөл бүрийн мэдээллийн хэрэгсэл ашиглах эсвэл эрдэмтэн мэргэдээс лавлаад олчихно.. Харин амьдралын ээдрээт асуудлын хариулт хаана байна вэ? Тэр эхлэлийн гогцоог хаанаас хөвөх вэ? Нэгэнт хүний биеийг олоод дэлхийд зочлон, ухамсар бүрэлдсэнээс хойш үл ойлгогдох түмэн нугачааны атираа болгонд бүдчин, унаж боссоор төгсгөл нь ирэх эрдэнэт биеийг бидэнд хэн өгсөн юм бол оо? Жаргал, зовлонгийн дэнсэн дээр ээлжлэн амьд явах эрхийг бид хэнээс авсан юм бэ? Бид яах гэж дурлаж, үерхэж, нийлж салж, баярлаж, гомдож, баяжин хөлжиж, доройтон ядуурч, алдаж онож, итгэж, амьд явахын тулд энэ бүхнийг даван туулахаар зүтгэнэм бэ? Бидний гараа, барианы эхлэл, төгсгөлийн зурвас хаана тодорно вэ? Сайн, муугийн ялгааг хэн илрүүлэн шүүж, энэ бүхний хэмжүүрийг хэрхэн тогтоох вэ? Олоод – алдаад, бариад -тавиад байгаа энэ аз, эз гэдэг чинь чухам хэрхэн юуны учир хэнийг шагнаад , хэнийг шийтгээд байна вэ? Тэмцээн бүхэн шагналын эзнээ тодруулдаг шиг маргаан бүхэн ялагчтай байх ёстой гэж үү? Төрөх, үхэхийн хооронд баригдсан хувь тавилангийн гүүрээр уначихгүйхэн шиг бэдчээд эцэст нь бид юутай нүүр тулах вэ? Амьдралыг хязгаарлаж буй цаг хугацааны үнэ цэнийн эгшинд бид бүхий л мэдрэмжээр хөглөгдөн өөрт заяасан эрчим хүч, оюун ухаанаа зорж дуусаад эцэст нь ялж төгс нөгцөх бус уу . Бидний амьдрал эгшиглээд л өнгөрөх бадагтай аялгуу гэлтэй. Эхэлсэн бүхэн дуусдгийн жамыг даган үй түмэн хүний хөлийн мөрөнд газар хотойж, үүнийгээ биднээр нөхөн тэгширдэг. Энэхэн богинохон эгшинд үнэн мөнөөр амьдрах ухамсар хүмүүн бидэнд заяагаагүй нь сонин. Ертөнцийн хуулиар үнэн -бүхнийг ялдаг дийлдэшгүй ч, хуулиа гууль болгосон эдүгээ эринд Үнэн гэдэг үхэл, мөхлийн үүд гэлтэй. Хүслээр болдог бол дэлхий ертөнцийн ухаант амьтан бүхэн үнэн мөнөөр аж төрөн амьдарвал бие биедээ баяр баясгалан, аз жаргал бэлэглэн түүнийхээ үр шимээр нар сар шиг мандан бадарч, навч цэцэг шиг урган дэлбээлж, үргэлж өөдөө тэмүүлэн дээшлэхсэн. Амьдралынхаа ахархан агшинд хийж буй бүхий л үйлдээ сэтгэл хангалуун, ухаалаг, хүчирхэг байх нь бидний хайж буй үнэн, нууц гэлтэй. Хайгаад, эрээд, олохгүй байгаа асуултын хариулт бүхий л утга агуулгаараа таны зүрх, сэтгэл, үйлдэл, үгэнд оршин байна. Жимстэй мод байх уу? Жижигхэн хожуул болох уу? Энэ бол таны хэрэгжүүлэх хууль, бичих түүх, хувь хүний үнэлэмж юм уу даа….. Хүн бүхэн хааяа өөртөө хэдхэн хором зориулан, ажил амьдралын ачааллаа умартан түр Зогсолт хийж , тунгаан бодож ухаарах аваас хүн төрөлхтөн аврагдах гарц олдох буйзаа.

Д.Цэцэнбилэг

Эх сурвалж: inet.mn

Бусад өгүүллэг


Categories: Өгүүллэг
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: